Монгол уран бүтээлчдийн хийсэн “ТРИО” кино 2022 оны 10 сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд уригджээ. Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа нь Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог юм.
“ТРИО” кино нь Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьжээ. Энэхүү олон улсын кино наадам уран бүтээлийг Оскарын шагнал авахаас өмнө олон нийтэд танилцуулж, кино найруулагчийг нь Каннд шалгарахаас өмнө дэлхийд өргөмжлөх зорилготой ажээ.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг хөндсөн энэхүү уран бүтээлийн Европ тивийн премьер нь Польш улсад зохиогддог Варшавын хүндтэй наадам болох нь ээ.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь даун синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах. Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах. Түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах. Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх. Цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм.