Хятадад ойрын 10 хоногт их халах төлөвтэй байгаа бөгөөд бямба гаригт тус улсын зарим нутгаар агаарын температур огцом нэмэгдэж эхэлнэ гэдгийг анхааруулж байна.
Далайн эргийн зарим хотууд хамгийн өндөр түгшүүрийн түвшинд шилжиж, зарим бүс нутгууд мөсөн голууд хайлж байгаагаас далан эвдрэх эрсдэлийг анхааруулж эхэлжээ.
Энэ бямба гараг бол билгийн тооллын дагуу Хятадын “их халуун” өдрүүд эхлэх өдөр юм.
Халуун шуурга долоодугаар сарын 5-17-ны хооронд болох халууны давалгаатай ижил цар хүрээтэй байх төлөвтэй ч илүү олон бүс нутагт 40С (104F) ба түүнээс дээш температурт өртөж болзошгүй гэж Үндэсний цаг уурын төвийн ахлах цаг уурын мэдээлэгч Фу Жиаолан төрийн хэвлэлд мэдэгдсэн байна.
Олон үйлдвэр, экспортлогчдын өлгий болох Жэжян мужийн зарим хотууд баасан гарагт улаан дохио өгч, гурван түвшний анхааруулах системийн хамгийн өндөр үзүүлэлт болж, ойрын 24 цагийн дотор агаарын температур 40 хэмээс буухгүй байх төлөвтэй гэдгийг онцолжээ.
Орон сууц, оффис, үйлдвэрүүдийн агааржуулалтын эрэлт нэмэгдэж, аюулгүй ажиллагаа нь "хүнд сорилттой" тулгарсан тул энэ зун үндэсний цахилгаан сүлжээний ачаалал дээд хэмжээнд хүрч болзошгүйг Онцгой байдлын яам баасан гарагт анхаарууллаа.
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Sika China компанийн ерөнхийлөгч Лео Жанг "Хятад болон Шанхай дахь бүх үйлдвэрүүдийн хувьд бид халуун өдрүүдэд дагаж мөрдөх ёстой дүрэм журамтай" гэж хэлэв.
"Жил бүр бид ажлыг илүү тохь тухтай болгохын тулд ажил хийдэг, жишээлбэл, хэт халуун үед ажилчдад зайрмаг өгдөг" гэжээ.
Жэжян, Фүжиан, Гуандун, Хунань, Жианси болон Чунцин хотын зарим хэсэг ойрын хугацаанд ой хээрийн түймэрт өртөх эрсдэлтэй байгаа юм.
Шиньжяны баруун бүс нутагт долоодугаар сарын 29-ныг хүртэл мөстлөгийн хайлах хурдацтай байгаа нь гол мөрөн, далануудад эрсдэл учруулж байна гэж Хятадын цаг уурын газраас мэдээлж, ялангуяа Хятадын хилийн ойролцоох Киргизийн Аксу голын цутгалангийн далан хагарах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.
Энэхүү халуун цаг агаар нь уулын цас, мөс хайлахад "тодорхой хэмжээгээр нөлөөлнө" гэж тус мужийн засаг захиргаа мэдэгдэв.
Энэ зун Хятадад хэт халсан гэж тодорхойлж байсан зургаадугаар сарын 1-ээс долоодугаар сарын 20-ны хооронд аж үйлдвэр, худалдааны томоохон төв болох Шар мөрөн, Хөх мөрний сав газарт агаарын хэм хэвийн хэмжээнээс 10-аас доошгүй хоногоор илүү халсан байна.
Халуун давалгаа Зүүн Ази, Баруун Европ, Хойд Африк, Хойд Америкийн бусад хэсгийг ч шатааж, олон оронд ой хээрийн түймэр дэгдээд буй юм.
Эх сурвалж: The Guardian