Украин, Орос хоёр "толин тусгал" хэлэлцээрт гарын үсэг зурснаар Киев Хар тэнгисээр үр тарианы экспортоо сэргээх боломжтой боллоо. Энэхүү хэлэлцээр нь Украинд дайны хөлд дарагдаад байгаа олон сая тонн үр тариаг экспортлох боломжийг олгох юм.
Хоёрдугаар сарын 24-нд Орос түрэмгийлснээс хойшхи Украины үр тарианы экспорт гацаж энэ хомсдол нь дэлхийн олон сая хүнийг өлсгөлөн зарлах эрсдэлд оруулжээ.
Истанбулд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд хоёр тал оролцсон ч нэг ширээний ард суусангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу эхлээд Москвагийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бол дараа нь Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков гарын үсэг зурав.
Хоёр сар үргэлжилж байж ийнхүү гарын үсэг зурж буй хэлэлцээр 120 хоног үргэлжлэх бөгөөд НҮБ, Турк, Орос, Украины албаны хүмүүсээс бүрдсэн зохицуулалт, хяналтын төвийг Стамбулд байгуулахаар төлөвлөж байна. Хоёр тал тохиролцсон тохиолдолд гэрээ үргэлжлэх хугацааг сунгаж болно.
Украины үр тариаг “түгжсэн” нь дэлхий дахиныг хүнсний хямралд хүргэж, талх, гоймон зэрэг улаан буудайн бүтээгдэхүүнүүд үнэтэй болж, хүнсний тос, бордооны үнэ ч мөн нэмэгджээ.
АНУ Оросыг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "Дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг илүү гүнзгий аюулгүй байдал, хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай" гэж мэдэгдсэн.
Ноён Шойгу өмнө нь хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хэлэлцээр нь "ойрын өдрүүдэд энэ үйл явцыг эхлүүлэх шийдлүүдийг гаргах боломжийг олгоно" хэмээн тодорхойлсон. "Би Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх тухай яриад зогсохгүй Оросын боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо экспортлох чиглэлээр ажиллана” гэж тэр нэмж хэлэв.
Дипломатуудын хэлснээр хэлэлцээрийн нөхцлийн дагуу:
- Ачаа тээвэрлэж байх үед Оросууд боомтууд руу чиглэхгүй, дайрахгүй
- Украины хөлөг онгоцууд усан дундуур ачааны хөлөг онгоцыг чиглүүлнэ
- НҮБ-ын дэмжлэгтэйгээр Турк улс Оросын зэвсгийн хууль бус наймаанаас болгоомжилж, хөлөг онгоцуудыг шалгана.
- Оросын үр тариа, бордооны экспортыг Хар тэнгисээр дамжуулан хөнгөвчлөх аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ВВС-ийн сурвалжлагч Орла Геринд хэлэхдээ, энэ нь олон улсын байгууллагыг толгойлж байх хугацаандаа хийсэн хамгийн чухал зүйл болох байх гэжээ.
Тэрээр Истанбулд цугларсан үзэгчдэд хандан “Өнөөдөр Хар тэнгист гэрэлт цамхаг байна. Энэ бол "Итгэл найдварын гэрэлт цамхаг" хэмээн хэлжээ.
Украины 20 сая гаруй тонн үр тарианы түгжрэлийг тайлах боломж баасан гарагт улаан буудайн үнэ хоёр хувиар буурахад хүргэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагийн орой хэлсэн үгэндээ тус улсад 10 тэрбум ам.долларын үр тариа зарах шаардлагатай байгаа хэмээжээ.
Сергей Шойгу гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд Орос улс гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээж авсан бөгөөд тэд "боомтуудыг цэвэрлэж, нээх боломжийг ашиглахгүй" гэж батлан хэлсэн юм.
Эх сурвалж: BBC News