Орос, Украин, Турк улсууд Украины бүслэгдсэн боомтуудаас үр тарианы экспортыг чөлөөлөх НҮБ-ын дэмжлэгтэй гэрээнд баасан гарагт гарын үсэг зурна гэж Туркийн Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэв.
Украины бүслэгдсэн Хар тэнгисийн боомтуудаас үр тарианы экспортыг чөлөөлөх тухай НҮБ-аас санал болгож буй уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар Орос, Украин, Турк улсууд баасан гарагт хуралдахаар болжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт Истанбулыг зорих гэж байгаагаа өмнө нь зарласан бөгөөд Эрдоганы хамт Долмабахче ордны оффис дээр болох арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдэлд дурдсан юм.
“Дэлхийн хүнсний аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой үр тарианы экспортын хэлэлцээрийг маргааш Истанбул хотноо хийж Ерөнхийлөгч Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Гутерриш нар Украин, Оросын төлөөлөгчдийн хамт гарын үсэг зурна” гэж Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин жиргэжээ.
Орос, Украйн хоёр нь дэлхийн улаан буудайн гол нийлүүлэгчид бөгөөд Оросууд Украин руу довтолсон нь хүнсний үнэ өсөхөд хүргэсэн билээ.
Дайны улмаас Украины Хар тэнгисийн боомтуудад гацсан олон сая тонн үр тарианы нөөцийг экспортлох төлөвлөгөөг Гутерриш боловсруулж байгаа нь дэлхийн хүнсний хямралыг намжаах алхам юм. Украинд өнөөдрийн байдлаар 22 сая тонн үр тариа гацаад байна.
Эх сурвалж: Aljazeera