COVID-19-өөр өвчилсөн хүмүүс дунджаар 3-5 хоногийн хугацаанд халдвар тарааж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа "Батлагдсан тохиолдлуудын халдвартай байх буюу халдвар тархаах дундаж хугацаа 3-5 хоног байна. Тиймээс бид төрийн болон төрийн бус байгууллагад тушаалыг хэрэгжүүлж ажиллах талаар сургалт, зөвлөмжийг өгсөн.
Ингэхдээ хэрэв батлагдсан тохиолдлын ар гэрийнхэн зэрэг халуун амьсгалаар хавьтал болсон хүмүүс ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бол тав хоног л өөрийгөө ажиглан тусгаарлах боломжтой.
Мэдээж энэ хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөөд, эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Нийт батлагдсан тохиолдлуудын 80-аас дээш хувьд нь шинж тэмдэг тод илэрч байгаа” гэлээ.