Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолоор хийсэн “Тамгагүй төр” жүжгийг долоодугаар сарын 10-наас УДЭТ-ын уран бүтээлчид тайзнаа дахин тоглож байгаа. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын 1700 гаруй ажилтанд энэхүү жүжгийг үнэ төлбөргүй үзүүлж буй юм. Үүнтэй холбогдуулан иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр жүжиг үзүүлж байна гэх шүүмжлэл гараад байна. Иймээс бид Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас энэ асуудлаар тодрууллаа.
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад “Тамгагүй төр” жүжгийг үзүүлээд байгаа шүү дээ. Иргэдийн дунд татвар төлөгчдийн мөнгөөр үзүүлж байна уу гэх хардлага байна. Үүн дээр та тайлбар хэлээч?
-Татвар төлөгчдийн мөнгөөр билет худалдаж аваагүй. Жүжгийн найруулагч, жүжигчид цар тахлыг даван туулахад хүч хөдөлмөрөө гаргаж ажилласан эрүүл мэндийн салбарынханд тодорхой тооны билет хүргүүлж өгөөч гэсэн хүсэлт ЭМЯ-нд хүргүүлсэн. Эдгээр билетийг өрхийн болон нэгдсэн эмнэлгүүдэд байгаа хэмжээгээр нь хуваарилж олгосон байгаа.
-Иргэдийн зүгээс ямар нэгэн шахаа байна гэж хардаад байна.
-Үүнд ямар ч шахаа байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс аваагүй. Уран бүтээлчид, эмнэлгийн салбарынханд талархал илэрхийлж билет тараасан гэсэн үг.