Ургац хураахын өмнөх энэ өдрүүдэд хүнсний ногооны үнэ огцом өсөөд байна. Бид Баянзүрх худалдааны төвд очиход хямд үнээр ногоо олж авах гэсэн иргэд олон байлаа. “Төмс авах уу, будаа авах уу гэж толгой сэгсэрцгээнэ. Асууж лавлаад удаан зогсоно. Лангуугаа хэд тойроод л эргээд хүрээд ирнэ. Хагас килограммаар авъя гэнэ. Ийм л дүр зураг худалдааны төвүүдэд нийтлэг байна. Энд килограмм төмс 4 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
КИЛОГРАММ ТӨМС 4 МЯНГАН ТӨГРӨГ
Худалдааны төвд хүнсээ цуглуулахаар ирсэн иргэдээс бид зарим зүйлийг тодруулсан юм.
Иргэн Б.Батбилэг “Би наадмын амралтаар хөдөө явж байгаад иртэл 2000 төгрөгөөр авдаг байсан төмсний үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн бензины үнэ нэмэгдсэн сурагтай. Иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг өдрөөс өдөрт л дордож байна даа” гэв.
Иргэн С.Анхзаяа “Өдрөөс өдөрт барааны үнэ нэмэгдэж байгаа нь үнэн. Гэвч бидний цалин хэвээрээ байгаа нь харамсалтай. Угаасаа дайн, цар тахлаас үүдэлтэй дэлхийн бүх улсад л эдийн засгийн хямрал болж байгаа шүү дээ. Ганц манай улсад ч биш. Төрөөс ямар арга хэмжээ авч ажиллахыг л харж байна” гэсэн юм.
Иргэн Х.Оюунгэрэл “Юмны үнэ өсөх нь тодорхой байсан. Дундаж давхаргын бидэнд нөлөөлөх нь гайгүй байгаа ч доод давхаргын иргэдэд илүү хүнд тусаж байгаа байх. Инфляц өсөөд, тээвэр, бензин гээд бүх зардал нь өсөөд байхад наймаачид үнээ нэмэхгүй гээд яах билээ. Төрөөс ажлын байр бий болгож, хүн бүр ажил хийвэл энэ хямралыг даваад гарна даа” гэж ярилаа.
Төмс, хүнсний ногооны үнээ яагаад нэмэх болсон тухай худалдаачдаас асуухад “Бид зарж байгаа ногоогоо 3-4 шат дамжлагаар авч ирж худалддаг. Цаанаасаа л ийм үнэтэй ирдэг. Инфляц өсөж, бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотой байх” хэмээн ярьсан юм.
Мөн тэд иргэдийн худалдан авах чадвар эрс буурч байгаа тухай ч ярьж байлаа.
ҮСХ: ИНФЛЯЦ 1,5 ХУВИАР ӨСЛӨӨ
ҮСХ-ны мэдээллээр, Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна. Инфляци ингэж өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, хүнсний ногооны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.
Уг нь жил бүрийн өдийд ногооны үнэ огцом өсдөг. Харин наймдугаар сард шинэ ургацын ногоо гарснаар нийлүүлэлт хэвийн болж, зах зээлийн зарчмаараа үнэ буурдаг. Гэвч энэ жил шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор үнэ өмнөх жилүүдийнхээс эрс өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадвар шууд нөлөөг үзүүлж эхлээд байна.
ТУРК УЛСЫН ИНФЛЯЦЫН ТҮВШИН 78 ХУВЬД ХҮРЧЭЭ
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украины дайн, тээвэр логистикийн асуудал, нийлүүлэлтийн хомсдол зэргээр шалтгаалж, дэлхийн улс орон хямралтай нүүр тулж байна. АНУ-д инфляц 9 хувь давсан нь дэлхий даяар инфляц “гаарахад” улам бүр сөрөг нөлөөллийг учруулж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний 6 сарын байдлаарх мэдээллээр, дэлхийн олон улс оронд инфляци огцөм өссөн байна. Тухайлбал, хагас жилийн байдлаар, Турк улсад инфляцийн түвшин 78,6 хувьд хүрч, хамгийн хүнд байдалд оржээ. Эндээс, дан ганц Монгол бус, дэлхийн бүхий л улс орон үнийн өсөлтийн хямралтай тулсныг харж болох юм.
ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ 60 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар, манай улс хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангаж байна. Харин үлдсэн 40 хувийг гаднаас авч байна. Харин нарийн ногооны тухайд 80 орчим хувийг нь импортоор авч байгаа юм.
Иймээс манай улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилт тавиад байна. Энэ хүрээнд Засгийн газраас өнгөрсөн хавраас эхлэн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 3 хувийн хүүтэй, нийт 400 тэрбум төгрөгийн зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн онд газар тариалангийн салбарт нийт 629 иргэн ААН-д 43 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон байна. Өмнө нь зээлийн хугацаа 1 жил байсан бол энэ оноос 2 жилийн хугацаатай олгохоор болж сунгасан.
Энэ жил газар тариалангийн салбарын хэмжээнд нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор баталж өгсөн. Энэ жил жижиг ААН-үүдийг дэмжих, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөг баталж өгсөн байна. Учир нь, өмнө нь зээлийг нийтээр нь олгодог байхад ногоочид шалгуур давж чадахгүй, зээл хүртэхгүй байх зэрэг асуудал гардаг байжээ.
Манай улс 900 мянган га эргэлтийн талбайтай. Энэ талбайгаасаа 800 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна. 2025 он гэхэд эргэлтийн талбайг 1 сая га-д хүргэж, 1,4 их наяд хэмжээний орлого олохоор тооцоолж байна. Энэ бол жилд эрдэс баялгийн салбараас ордог орлогын гуравны нэгтэй тэнцэхээр хэмжээний мөнгө юм.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.