АНУ-ын Орегон мужийн Южин хотод болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Б.Сэр-Од 26 дугаар байранд орж амжилт гаргалаа.
Хоёр цаг 11 минут 39 секундээр бариандаа орсон тэрбээр Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас олимпод оролцох эрх авсан анхны тамирчин юм.
Түүний хувьд Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон байна. Өдгөө 40 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш нэг ч олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй орсон амжилтаараа түүх бүтээж буй.
- Бат-Очирын Сэр-Од нь 1981 оны 10 дугаар сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн.
- Өндөр 170 см, жин 60 кг.
- 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн.
- “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер.
2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10 дугаар байранд орсон. 2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлж, Лондоны марафонд ес дүгээр байр эзэлжээ.
Тамирчин Б.Сэр-Одын гаргасан амжилтыг тодруулбал:
- 2008 он хоёр сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч байв. Энэ нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн аваргаас авсан анхны мөнгөн медаль юм.
- Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн 2003 он, 2005 он, 2007 он, 2009 он, 2011 онуудад оролцож байсан
- 2009 оны Герман улсын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд 29 дүгээр байр.
- 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн 20 дугаар байр. эзэлсэн.
- 2013 оны хоёр сард Хонконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль авсан. Энэ медаль мөн л Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль юм.