Бид “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Г.Алтанбаганатай ярилцлаа. Тэрээр жүдо бөхийн спортоор тууштай хичээллэж, ирээдүйд дэлхийд алдартай, олимпын медальтай тамирчин болох мөрөөдөлтэй тухайгаа ярьсан юм. Түүний Улаанбаатарын их дуулга 2022 олон улсын тэмцээний үеэр жаахан охиныг өхөөрдөж буй бичлэг нь нийгмийн сүлжээнд тархаж, эерэг уур амьсгалыг бий болгосон юм.
АХЫГАА ДАГАЖ, “ЖҮДО”-ГИЙН ДЭВЖЭЭНД ТАТАГДСАН
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана Улаанбаатар хотод төрж өссөн. 2008 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Анх жүдогоор хичээллэсэн шалтгаанаа их сонирхолтой хэмээн хэлсэн юм. Тэрээр хүүхэд байхаасаа л барилдаанч хүүхэд байжээ. Нэг удаа аавдаа “Аав би барилдъя” гэхэд “танай ах жудо бөхөөр барилддаг шүү дээ” гэжээ. Тухайн үед ахыгаа барилддаг гэдгийг мэддэггүй байсан жаахан хүү энэ спортод хорхойсож, хичээллэхээр шийджээ. Ингээд Тэмүжин спорт сургалтын төвд орсноор түүний тамирчин болох эхлэл тавигджээ.
ЖҮДО БӨХИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ХҮНИЙГ ХҮНДЭЛЖ СУРДАГ
“Тамирчин хүнд хамгийн хэцүү нь жин хасах. Жин хасах процесс усны дусал ямар үнэ цэнтэйг мэдрүүлдэг” хэмээн Г.Алтанбагана ярьж байна. “Би амьдралынхаа бараг 50 хувийг зааланд өнгөрөөсөн” гэж ярих нь түүний спортдоо хэр тууштай, шаргуу явж ирснийг илтгэнэ.
“Жүдо бөхөөс хамгийн түрүүнд хүнийг хүндлэх хүндлэл, ёс суртахууныг олж авдаг. Ах ч бай, дүү ч бай, багш ч бай, дэвжээ ч бай бүгдтэй нь ёсолно. Ёсолгоогоор эхлээд ёсолгоогоор төгсдөг спорт” хэмээн тэрээр онцолсон.
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”. Энэ бол түүний хэлэх дуртай үг. Хөдөлмөрлөж л байгаа бол бурхан чиний хөлсийг шагнана гэж бодож явдаг тухайгаа залуу тамирчин бидэнтэй хуваалцлаа.
Г.Алтанбагана жүдогоор хичээллэсэн он жилүүдэд шантарч, спортоо орхих тухай ч бодсон үе цөөнгүй байжээ. Ээжээсээ хүртэл “Миний хүү мандатын цуглуулгатай л боллоо доо. Одоо больсон нь дээр бишүү” гэх үг сонсохдоо ч хүртэл бууж өгөөгүй. Өөрийг нь хурцалсан энэ үг түүнийг дэлхийн тамирчин болоход гол түлхэц болжээ.
Ингээд урам хугалах үгс олон сонссон ч тэр хичээллэсээр л байлаа. Төд удалгүй бэлтгэлээ чамбай хийсээр, медалийн тавцанд зогсож эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа “Анх хичээллэж эхлэх үед хөдөө орон нутагт их тэмцээн болдог байлаа. Тэмцээнээс медаль аваад, вагоноор буцах замдаа “Хурдан гэртээ очоод, ээждээ үнсүүлэх юм сан” гэж боддог байсан” хэмээн бага насны нандин дурсамжаа бидэнд хуваалцсан юм.
ДЭВЖЭЭД ГАРААД АРСЛАН БАР, БУУГААД ЭГЭЛ ТАМИРЧИН
Тэрээр олон улсын болон Монгол улсдаа тэмцээн уралдаанд олон удаа оролцож, олимпын дэвжээнд барилдаж, ялж, ялагдаж, ид буцалж яваа ирээдүйтэй тамирчин. Тэр ”Ялсан мэдрэмж үнэхээр гайхалтай. Үгээр хэлэхийн аргагүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөл цаанаасаа л гардаг. Сэтгэл хөдлөлөө гаргаж байхдаа хүн харчих вий, сонин царай гаргах вий гэж ерөөсөө боддоггүй. Хүн айхаараа хурдан гүйдэг шиг л ямар ч удирдлагагүй болдог” гэж тэмцээнд ороод ялах мэдрэмжээ илэрхийллээ.
Г.Алтанбагана "Тамирчин хүн дэвжээн дээр гараад арслан, бар шиг байх ёстой. Дэвжээнээс буугаад харин энгийн, эгэл жирийн байх ёстой. Би ямагт жудагтай байхыг эрхэмлэдэг. Хаа ч явсан даруухан байх хэрэгтэй” гэж ярив.
Тамирчин хүн нэг ч өдөр алгасалгүй алдаагаа засаж, бусдаас суралцаж байдаг. “Гадаадаас Японы ахлах дасгалжуулагч Ко Сэ Но багш үлгэр дуурайлалтай сайн тамирчин байсан. Монголоос талийгаач Э.Энхбат ах шиг болох юм сан гэж боддог, хүсдэг, мөрөөддөг. Үйлдлээрээ ч, үгээрээ ч, ухаанаараа ч харуулдаг, даруу төлөв хүн байсан даа” хэмээсэн юм.
“ДЭЛХИЙД ТАНИГДСАН АЛДАРТАЙ ТАМИРЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ”
Тамирчин хүн бүр олимпын дэвжээнд гарч, дэлхийд нэрээ дуурсгах хүсэл, мөрөөдөлтэй байдаг. Г.Алтанбагана “Тамирчин хүн хэн ч биш байж байгаад амжилтанд хүрдэг. Хүн өөрийн мэдэлгүй биеэ тоох, бусдыг үл тоох зэрэг тохиромжгүй үйлдэл гаргаж эхэлдэг. Түүнийгээ дарж байх ёстой. Өөрөө өөрийгөө ялан дийлж байж өрсөлдөгчөө ялна” гэж боддог тухайгаа хэлсэн юм.
Тэрээр жүдо бөхийн 90кг-д барилддаг. 2024 оны Парисын олимпод орох зорилготойгоор бэлтгэлээ хийж байгаа аж.
“Тамирчин бүр олимп, дэлхийн медальтай болох юм сан гэж зорьдог. Би ч мөн адил дэлхийд алдартай тамирчин болохыг хүсдэг. Мөн өөрийн спорт цогцолбортой болохыг мөрөөддөг” хэмээн өөрийн хүсэл, мөрөөдлөө бидэнд хуваалцсан юм.
Г.Алтанбаганы амжилтууд:
- Насанд хүрэгчдийн дэлхийн аварга – 5,7 дугаар байр
- Армийн дэлхийн аварга
- Азийн наадам – мөнгөн медаль
- Qingdao grand prix 2016 – хүрэл медаль
- Chingis khaan grand prix 2016 – мөнгөн медаль
- Antalya grand prix 2017- алтан медаль
- Hohhot grand prix 2017 – хүрэл медаль
- Hohhot grand prix-2018 – мөнгөн медаль
- Dusseldorf grand slam 2018 – хүрэл медаль
- Yekaterinburg grand slam 2018 – хүрэл медаль
- Tbilisi grand slam 2019 – хүрэл медаль
- Budapest grand slam 2020 – мөнгөн медаль
- Tbilisi grand slam 2021 – хүрэл медаль
- Монгол улсын насанд хүрэгчдийн 5 удаагийн аварга
Видеог дээрээс үзнэ үү.