Гурван наснаасаа морь унаж сураад, зургаан наснаасаа хөтөч хийсэн есөн настай Г.Оюун-Эрдэнэ охинтой ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Г.Оюун-Эрдэнэ гэдэг. 3ц ангийн сурагч. 9 настай. Гурван настайгаасаа морь унаж сурсан. Аав маань надад зааж өгсөн.
-Анх морь унаж сурахдаа бэртэж гэмтэж байсан уу?
Гурван настай байхад минь морь маань ирж бид хоёр найзалсан. Мориныхоо буруу талаар гарч болохгүй. Яагаад гэвэл Монгол морь үргэнэ. Амыг нь татаж байж, морины хойд хөл рүү ойртож болохгүй. Шууд чигээрээ давхивал унана. Би багадаа мориноос ганцаараа бууж үзсэн юм. Чирэгдээд явсны дараа аав намайг аварсан. Өөрөө цохиулж гэмтэж бэртсэн болохоор ганцаараа бууж болохгүй шүү гэдгийг мэдсэн. Тэр үед мориндоо гомдоогүй. Яагаад гэвэл морь сайхан сэтгэлтэй. Би өөрөө буруу тал руу буугаад уначихсан. Тэгээд морь үргэчихсэн. Түүнээс биш намайг унагаах гэсэн бодол байгаагүй.
-Хэдэн наснаасаа Тэрэлжид хөтөч хийсэн бэ?
Би зургаан настайгаасаа хөтөч хийсэн. Сонирхлоороо хөтөч хийж, цалин авдаг. Гурван цагийн аялал гэхэд Mongoljin tour дээр уулыг тойрч, мэлхий хад дээр буудаг. Солонгос, гадаад хүмүүс дандаа доллар, монгол мөнгө өгдөг. Баярлалаа гэдгийг солонгосоор 감사합니다 гэдэг. Би хөтөч хийхдээ хүмүүст ганцаараа мориноосоо бууж болохгүй шүү, унаж бэртэх аюултай. Дөрөөндөө чирэгдэх ч магадлалтай. Тийм болохоор унаж бэртэх магадлалтай гээд тайлбарлаж өгдөг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу? Тэрэлжид зуны амралт бүрээрээ ирдэг үү?
Аав, ээж, эгч, хоёр ахтайгаа амьдардаг. Амралт болгоноор Тэрэлжид ирдэг. Цаашид морин хуур сурна гэж бодож байгаа. Морьд алга болоод ууланд гацчихсан, төөрсөн үед Морин хуур тоглохоор морины чих дэлдийгээд гэр лүүгээ буцаж ирдэг.
-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?
Би зургийн хичээлдээ дуртай. Яагаад гэвэл байгалиа зурж болно. Гэр бүл, морьдоо зурж болно. Уул усыг харж зурдаг. Хараад буруу зурчих юм бол ёстой муухай харагдана. Иймээс би зурагчин болохыг хүсдэг. Одоо мөн камераар зураг авч болно. Би хоёуланг нь суръя гэж бодож байгаа.
-Ярилцлагын төгсгөлд юу гэж хэлэх вэ?
Би нэг жилийн дараа хурдан морь унахыг хүсэж байна аа. Хийхийг хүссэн бүх зүйлээ хийж үзээрэй найзуудаа. Та бүхэн сайхан наадаарай.
-Ярилцсанд баярлалаа