Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ-гийн аминд хүрсэн Тэцуя Ямагамигийн ээж цуглаанд нь оролцдог гэж Япон дахь Мүүний шашны нэгдлийн сүм мэдэгдлээ.
Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийн ээж нь Мүүний Нэгдлийн сүмийн гишүүн юм. Сэжигтэн түүнийг өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд асаныг буудан хөнөөсөн шалтгаан хэмээн мэдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Сэжигтэн Тэцуя Ямагамигийн ээж сард нэг удаа сүмийн хуралд оролцдог гэдгийг Мүүни гэж нэрлэгддэг сүм даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ батлан хэлжээ.
41 настай Ямагами мөрдөн байцаагчдад анх тус байгууллагын удирдагчийг онилохыг зорьж байсан ч Мүүний сүмийг сурталчилсан гэж мэдэгдсэн Абэг алах зорилготой болсон гэж мэдүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн. Сэжигтний мэдүүлснээр ээж нь 20 гаруй жилийн өмнө сүмд "их хандив" өгсөн нь гэр бүлийнх нь санхүүг сүйрүүлсэн аж.
Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо буюу Мүүнийн шашны Япон дахь салбарын ерөнхийлөгч Томихиро Танака гишүүдийнхээ хандивын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Цагдаа нар Ямагамиг тодорхой нэг байгууллагад өс хонзонтой байсныг нотолсон ч нэрийг нь хэлээгүй байгаа юм.
Танака Абэ, Ямагами хоёрын аль нь ч 1954 онд Өмнөд Солонгост Сүн Мён Мүүн үүсгэн байгуулсан сүмийн гишүүн биш гэж хэлээд, энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
2019 онд Японы хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болсон консерватив үзэлтэй Абэ өнгөрсөн жил сүмийн арга хэмжээний үеэр видео холбоосоор дамжуулан баяр хүргэсэн аж.
Бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ, сүм хийдийн зүгээс Абэгийн үхэлд "цочирдон, эмгэнэж буйгаа" илэрхийлж, түүнийг "Дэлхий дахинд нэр хүндтэй Японы төрийн зүтгэлтэн, Азид энх тайвныг тогтоох үйлсэд идэвхтэй оролцдог байсан" хэмээн тодорхойлсон байна.
1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Абэгийн эх талын өвөө Нобусуке Киши коммунистыг эсэргүүцсэн үзэл бодлоо хуваалцдаг Нэгдлийн сүмтэй холбоотой улс төрийн бүлэглэл байгуулахад оролцсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: The Guardian