Японы эрх баригч эвсэл Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэргийн дараа болсон дээд танхимын сонгуульд ялалт байгууллаа.
Шинзо Абэ өнгөрсөн баасан гарагт Нара хотод Либерал ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан нь тус улсын иргэд төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан явдал байлаа.
Тус улсын удирдагчид ням гарагт олон нийтийг сонгуульд идэвхтэй оролцож, санал өгөхийг уриалж, Шинзо Абэгийн аминд халдсан хэргийг ардчилалд халдаж байна гэж буруушаасан юм.
Ерөнхий сайд Фумио Кишида баасан гарагт хэлэхдээ, "Бид ардчиллын үндэс болсон чөлөөт, шударга сонгуулийг хамгаалах ёстой" гэж хэлээд нам нь "хүчирхийлэлд хэзээ ч бууж өгөхгүй" гэсэн хатуу итгэлээр сонгуулийн кампанит ажлыг төлөвлөсний дагуу үргэлжлүүлнэ гэж нэмж хэлжээ.
Ням гарагт болсон Шинзо Абэг оршуулах ёслолын өмнөхөн консерватив намынхан 125 суудлаас 63-ыг нь авсан талаар NHK мэдээлэв. Санал тоолох ажил дуусч байгаа ч Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас албан ёсны дүнг хараахан зарлаагүй байна.
Дээд танхим нь Японы парламентын хоёр танхимаас бага эрх мэдэлтэй хэдий ч ялалт нь Ерөнхий сайд Кишидагийн улс төрийн бааз суурийг бэхжүүлж, түүнд Японы энх тайвныг дэмжсэн үндсэн хуулийг шинэчлэх зэрэг бодлогын гол асуудлуудыг урагшлуулахад туслана гэж шинжээчид дүгнэж буй.
Ням гарагт санал хураалт хаагдсанаас хэдхэн цагийн дараа Кишида NHK-д "Сонгууль хүчирхийллийн улмаас эрсдэлд орсон ч бид үүнийг дуусгах ёстой. Энэ сонгууль маш их утга учиртай. Тиймээс ч бид ардчиллаа хамгаалахын төлөө урагшилж, үргэлжлүүлэх ёстой” гэжээ.
Абэгийн амийг хөнөөсөн сэжигтэн 41 настай Тэцуя Ямагамиг буудсаны дараа газар дээр нь баривчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа үед сонгуулийн дүн гарч байгаа юм. Цагдаа нар түүнийг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа ч албан ёсоор яллагдагчаар татаагүй байна.
Японы олон нийтийн NHK болон Киодо мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Шинзо Абэгийн аминд хүрсэн сэжигтэн Ямагами Абэ-тэй холбоотой, мөн өөрийнхөө ээжийн холбоотой байсан гэж үзэж буй шашны бүлэгт дургүйцлээ илэрхийлж ийм хэрэг хийсэн аж.
Эх сурвалж: CNN News