Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржгуайн зуун дамжсан гайхамшигт бүтээл болох “Тусгаар тогтнол” шүлгээр МУУГЗ, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун дуу бүтээж Улсын их баяр наадмын үеэр үзэгчдийн сонорыг мялаалаа.
Монгол омогшил, үнэ цэн, бүрэн эрхийг агуулсан эл бүтээлийг ард түмний сэтгэлд хоногшуулан дуулахдаа МУГЖ Г.Ариунбаатартай хамтарсан юм.
Дууны хөгжмийг зохиож найруулсан МУУГЗ, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун энэ талаар ярихдаа, “Тусгаар тогтнол” гэх гайхалтай бүтээлийг дуу болгох тухай дөрвөн жилийн хугацаанд бодож тунгаасан. Энгийн нэг ая зохиочихвол бүтээлийн сүр хүч, амин сүнсийг үгүйрүүлэх учраас энэ хугацаанд их нухацтай хандсан. Бүтээлээ сая наадамчин олондоо толилууллаа. Сэтгэл маш өндөр байна гэлээ.
Унших төдийд л омогшил төрүүлж, эх орноо гэх сэтгэлийг бадраасан эл шүлгийн яруу сайхныг, хосгүй тансаг ая эгшигтэй хослуулан үеийн үед өвлөгдөн дуулагдах үнэт бүтээл болгожээ.
Бүтээлийг дээрх видеоноос хүлээн авна уу!