Орос улс Донецкийг Харьковтой холбосон замыг хянахыг хүсэж байна гэж Их Британийн батлан хамгаалахын тагнуулийн мэдээнд дурджээ.
Их Британийн Батлан хамгаалах яам тагнуулын мэдээллээр "Оросын их буунууд хойд талаараа Изиум, зүүн талаараа Лисычанскийн орчмоос Донбассын Словянск районд цохилт өгсөөр байна" гэдгийг онцолсон байна. "Донецкийг Харьковтой холбосон E40-д хяналт тавих нь Донецк мужаар дамжин урагшлах оролдлого хийж байгаа Оросын хувьд чухал зорилт байх магадлалтай" гэж Британийн яам мэдэгдэв.
Донецк муж дахь Часив Яр хотын орон сууцны барилга руу ОХУ-ын арми пуужин харваснаас 15 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар Украины амбан захирагч мэдэгдэв. Украины онцгой байдлын албаны орон нутгийн салбар фэйсбүүк хуудаснаа "Осол болсон газраас 15 хүний цогцос олдож, нурангинаас таван хүнийг гаргаж авсан" хэмээн нийтэлжээ.
2014 оноос хойш салан тусгаарлагч босогчид Украины хүчнийхэнтэй тулалдаж байгаа Донбасс муж нь Донецк, Луганск гэсэн хоёр мужаас бүрддэг. Оросын цэргүүд Луганск дахь Украины эсэргүүцлийн сүүлчийн түшиц газар болох Лисычанск хотыг эзлэн авчээ.
Канад "Хойд урсгал-1" хийн хоолойг барихад шаардлагатай Оросын турбиныг Германд буцааж өгнө гэж мэдэгдлээ. Украины эрх баригчид Канадын энэ алхамыг эсэргүүцэж буй. Ингэвэл Орост тавьсан барууны хориг арга хэмжээг сулруулна хэмээн болгоомжилж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киевээс ХБНГУ-д суугаа Элчин сайд болон бусад хэд хэдэн гадаадын төлөөлөгчдийг огцрууллаа.
АНУ Украинд 368 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн амлав.
Украины тал Оросын цэргүүд зүүн Донецк мужийг эзлэхээр “цөхрөлтгүй” буудаж, дайралт хийж байна гэж мэдэгдэв.
НҮБ-ын шинэ тайланд Украины зэвсэгт хүчин Киевээс зүүн өмнөд зүгт 580 км-ийн зайд орших Стара Краснянка хотын ойролцоох асрамжийн газарт болсон үйл явдалд ихээхэн хэмжээний, магадгүй тэнцүү оролцсон гэдгийг тогтоожээ. Асрамжийн газарт халдлага болохоос хэдхэн хоногийн өмнө Украины цэргүүд асрамжийн газрын дотор байрлаж, оросуудын бай болгосон гэнэ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас "Талуудын тэмцэл үргэлжилж байх хооронд асрамжийн газарт гарсан гал тархаж байна. Олон арван өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүүд ус, цахилгаангүй “гацсан” гэв. Тус асрамжийн газарт байсан 71 өвчтөнөөс 22 нь амьд үлдсэн ч яг хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera, DW News