ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛГЭДЭЛ БОЛСОН АМЬТАД
Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээжээ. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон аж. Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон билээ.
Амьтан: Чоно Нэр: Хангай Бэлгэдэл: Хүчит бөх
Түүхэн сурвалжийн мэдээ, ам зохиолын дурсгалуудад чоныг тэнгэрийн амьтан хэмээн дээдлэх сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Энэ нь Хүннү гүрнээс хойших монголын эртний улсууд, цаашлаад Их Монгол Улсын үеийг хамран төр баригч хаадын гарал үүслийг тэнгэртэй, түүний дотор чонотой холбон тайлбарлах байдлаар илэрч байсан.
Амьтан: Буга Нэр: Марал Бэлгэдэл: Хурдан морь
Археологийн дурсгал, шашин шүтлэгийн уламжлал, аман зохиолын дурсгал зэрэгт туссан бэлчээрийн нүүдэлч малчдын сэтгэлгээний өвийг шинжлэхэд, монгол нутаг дээрх үе үеийн ард түмэн урт нас, тэнгэрлэг байдал, дээд ертөнцийг холбогчийн үүргийг бугад оноож, түүнийг урт настай амьтан, тэнгэрийн амьтан, онгон сахиусын хүлэг, сүр сүлдийн хамгаалагч гэж эрхэмлэн үздэг байжээ.
Амьтан: Шонхор Нэр: Мэргэн Бэлгэдэл: Мэргэн харваач
Шонхор шувуу эрт цагаас нүүдэлчдийн төрт ёсны эрхэм бэлгэдэл байсныг 1972 онд Өмнөд Монголын Их Зуу аймгийн Хангин хошууны нутаг Ар Цайдам дахь Хүннүгийн язгууртны булшнаас гарсан орой дээрээ шонхор шувууны дүртэй оюу ногоон шигтгээтэй алтан титэм гэрчилдэг.