Баяр наадам зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ямар ажлууд хийсэн тухай. Мөн баяр наадмын үеэр нийтийн тээвэр, авто замыг хэрхэн зохицуулах талаар мэдээллээ.
Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дэд дарга Батболд Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн засвар, тохижилтын тухай мэдээллээ.
“Үндэсний баяр наадмын комиссоос салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Төсвийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 17 хаалга. Төв асар, үзэгчдийн саравчийг засаж янзалсан. Мөн явган хүний зам, гүүр, сүүдрэвч зэргийг Хүй долоо худагт засаж янзалсан.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 4818 метр квадрат зам, талбайг засаж, янзалсан. Авто замын хувьд 10194 метр квадрат авто замыг засварласан. Энэ нь сүүлийн 10-20 жил засагдаагүй ажлыг засаж хийсэн.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын 6600 метр квадрат талбайг зүлэгжүүлсэн.
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 346 СУУЛТУУР, 170 АРИУН ЦЭВРИЙН ГАЗАР АЖИЛЛАНА
Ариун цэврийн байгууламжийг онцгой анхаарч ажилласан. Төв цэнгэлдэх хүрээлэнд шинээр эрэгтэй, эмэгтэй хоёр ариун цэврийн газар хийсэн. Энэ нь 60 суултуур, 20 шээлтүүртэй.
Хүй долоон худагт 46 ариун цэврийн газар ажиллана.
Мөн стадионы гадна төв пасадны гэрэлтүүлгийг засаж, янзалсан. Гэрэлтүүлэг 40 ширхэг, явган хүний зам, талбайн гэрэлтүүлэг 20 ширхэг, цамхгийн 20 ширхэг гэрэлтүүлэг хийсэн.
БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 725 ГЭР, АСАР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Худалдаа үйлчилгээний хувьд 390 асар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллана. Хүй долоон худагт 335 гэр ажиллана.
Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна. Наадамчид та бүхэн хог хаягдлаа хамаагүй хаяхгүй, цэвэрхэн сайхан наадаарай” гэлээ.