Мармолада мөсөн голын хэсэг тасарч, Доломит ууланд цасан нуранги унасны улмаас сураггүй болсон бүх 11 хүний цогцсыг бүгдийг олсон гэж Италийн албаны хүмүүс мэдэгдэв.
Аврах багийнхан өнгөрсөн амралтын өдөр Мармолада мөсөн голын томоохон хэсэг салж унасны улмаас амиа алдсан аялагч эмэгтэйн шарилыг өнгөрсөн бямба гаригт олжээ. Тэрээр мөсөн гол, цасан нурангид өртөн сураггүй алга болсон гэх 11 хүний сүүлчийнх нь юм.
Цагдаагийн хурандаа Жиампиетро Лаго "Бид бүх хохирогчдын нэрийг тогтоосон. Алга болсон 11 хүний цогцсыг бүгдийг нь олсон " гэж мэдэгдсэн байна.
Мармолада мөсөн голын асар том хэсэг үндсэн хэсгээс тасарч, цас, мөс, чулуулаг нурсны улмаас өөр найман хүн бэртэж гэмтсэн байна. Албаныхны мэдээлснээр мөсний хэсэг нь орон сууцны байшингийн хэмжээтэй байсан гэнэ.
Энэ явдал Мармолада оргилд 10 хэм буюу Фаренгейтийн 50 хэмийн температурыг хэмжсэнээс нэг өдрийн дараа болсон юм. Тус уулын оргил нь 3,343 метр (10,968 фут) өндөр Италийн Доломитуудын хамгийн өндөр уул аж.
Гурван өөр аврагчийн баг тус газрыг дроноор самнах ажлыг үргэлжлүүлнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв. Бүс нутгийн удирдагч Маурицио Фугаттигийн хэлснээр аврагчид болон бусад хохирогчид, тэдний хувийн эд зүйлсийг хайх гэнэ.
Италийн эрх баригчид цогцсуудын хэн болохыг тогтоохын тулд ДНХ-ийн дээж ашигласан байна. Амиа алдсан Италийн зургаан эрэгтэй, гурван эмэгтэй иргэн, Чех улсын хоёр эрэгтэй байгаа аж.
Албаныхан эмгэнэлт явдлын шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж таамаглар байгаа бол зарим ойр дотныхон нь цасан нурангид өртөх эрсдэлтэй хэсэгт уулчдыг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн Засгийн газрыг буруутгаж буй.
Трентино мужийн прокурорууд энэхүү золгүй явдлыг шалгаж байна.
Италийн ANSA агентлаг цасан нурсны дараа сураггүй болсон нэг итали иргэний эгчийн хэлсэн "Яагаад бямба гаригт мөсөн голын доор ус шүүрсэнийг хэн ч анхааруулаагүй юм бэ? Хүмүүсийг авирахыг яагаад зогсоосонгүй вэ?" үгийг иш татан мэдээлжээ.
"Хэрэв хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй бол бид эцсээ хүртэл хөөцөлдөх болно" гэж тэр эмэгтэй хэлсэн байна.
Эх сурвалж: DW News