Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээллээ.
Тус хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг "Хурдан морины уралдааны бүртгэл долдугаар сарын 7-ноос эхэлсэн. Өнөөдөр дуусна. Бүртгэл дууссаны дараа уралдаанд оролцох морьд шүдлүүлээд, цааш сэрвээгээ хэмжүүлээд тэнцсэн морьд наадмын уралдаанд гарна. Хэмжилтийг таван эгнээгээр хийх бөгөөд эгнээ бүрд камерын хяналт тавигдсан.
Уяачид наадмын асрын наад талд гарах дэлгэцээр хэний, хэд дугаартай морины сэрвээний өндөр хэдэн сантиметр байсныг хараад хянах боломжтой.
Наадамд уралдах морьдын сэрвээний өндрийг шалгах үйл явцыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, Ntv телевиз болон манай фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах юм.
Мөн зөвхөн морьд гараанаас гарахад л хэмжинэ. Харин түрүүлээд барианд орж ирсэн хойно нь дахиж хэмжихгүй.
Бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд өнөөдөртөө амжаад оройтож ирсэн ч бүртгэнэ. Гэхдээ дүрэм дээр 140 гэж заасан бол түүнийгээ барина.
Мөн хуульд заасны дагуу унаач хүүхэд найман нас хүрсэн байх ёстой тул бид унаач хүүхэд төрсөн он, сараараа найман нас хүрсэн эсэхийг нарийн шалгана.
Унаач хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай. Мөн унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрлийн гарын үсгийг нь авсан байх ёстой" гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.