Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам өчигдөр эхэлсэн. Дааганы уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан хэргийг тус сумын засаг дарга, нийгмийн ажилтнаас тодрууллаа.
Баянтүмэн сумын засаг дарга Э.Нарангарав “ Өчигдөр дааганы уралдаанд ийм асуудал гарсан. Зурхайгаас хөдлөөд 200-300 метрийн зайд явж байсан даага жижиг нүхэнд бүдэрч, унаач 8 настай хүү унаж, ард нь явсан хоёр даагатай мөргөлдсөн. Улмаар 1-р багийн харьяат 8 настай хүү газар дээрээ амиа алдаж 2 хүүхэд хөнгөн бэртсэн.
Хүүхэд хуулийн дагуу бүх хамгаалах хэрэгслээ өмссөн байсан. Мөн уяач хүүгийн ээжтэй морь унуулах гэрээ хийсэн байсан. Одоо хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.
Баянтүмэн сумын нийгмийн ажилтан Г.Энхтуяа “Манай сумын наадам өчигдөр эхэлсэн. Дааганы уралдааны үеэр найман настай хүү унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.
Хэрвээ таны хүүхэд хэн нэгэн уяачийн хурдан морь унах гэж байгаа бол таны хүүхэд хурдан морь унаж дадсан уу, үгүй юу зэрэг үүсэж болох эрсдэлийг тооцож, хамгаалах хэрэгслийг бүрэн өмсүүлж, хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрөөрэй.