“Улаанбаатар төмөр зам” ХНН түүхий эд, бараа материалын хомсдолыг арилгах, худалдаа үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, үнийн хөөрөгдөл, инфляцын түвшнийг бууруулахын тулд төмөр замаар тээвэрлэх импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад байсан импортын чингэлгийг шуурхай татан авах ажлыг эрчимтэй зохион байгуулж, сүүлийн хоёр сарын дотор 13342 чингэлгийг татан авсны үр дүнд тус боомтод хуримтлагдсан чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн түвшинд хүрээд байна.
Импортын чингэлэг тээврийн хэмжээ огцом нэмэгдсэнээс Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний терминалууд ачааллаа даахгүйд хүрч, тус терминалуудын талбай ачаатай болон ачаагүй хоосон чингэлгээр дүүрснээс өртөөний замд чингэлэгтэй вагонууд буухгүй удаан зогсож байна. Мөн импортоор ирэх барилгын болон нефтийн бүтээгдэхүүний ачааны урсгал нэмэгдэж өртөөдийн замд буулгалт хүлээгдэн зам эзлэн зогсож байна.
Тухайлбал:.
- Толгойт, Улаанбаатар зэрэг өртөөнд буулгалтаар ирсэн арматур, төмөр, катанг зэрэг барилгын ачаануудын хүлээн авагч нар гаалийн хөнгөлөлт эдлэх асуудлаа шийдэх, гаалийн татвараа төлөх хүртэл олон хоног ачаагаа буулгахгүй вагон сул зогсоож байгаа нь дараагийн ачилтад өгөх вагоны хомсдолд оруулж байна. Жишээ нь Толгойт МЧ –д ирсэн 8 вагон арматурыг хүлээн авагч нь гаалийн төлбөрөө төлөх хүртэл 2022 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 4-ний өдрийг хүртэл 5 хоног сул зогсоосон байна.
- Импортоор ирсэн ачааны хүлээн авагчид, тээвэр зуучийн компаниуд гаалийн бүрдүүлэлт хийн, төлбөр тооцоогоо хурдан төлж ачаагаа хурдан буулгахгүйгээс дараагийн ирсэн вагонууд хүлээгдэн зогсож байна.
- Зуны их ачааллын үед зарим гаалийн хяналтын талбай хүн хүч, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй шалтгаанаар Ням гарагт ажиллахгүй байгаагаас төмөр замын өртөөний замуудад ачаа хуримтлагдан галт тэрэг хүлээн авах, явуулах технологид ажиллагаанд хүндрэл учруулж байна.
- Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй,нэгжүүд өөрийн буулгах хүчин чадлаас их ачаа импортолж байгаагаас буулгах савгүй болж, гаалийн бүрдүүлэлтээ хийхгүй олон хоног өртөөний замд ачаатай вагон зогсоож байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын гаалийн газар хэвийн горимоор ажиллах болсон тул ОХУ болон БНХАУ-аас ачаа импортолж буй аж ахуйн нэгж, иргэд ачааныхаа гаалийн бүрдүүлэлтийг хийн, ачаагаа хүлээн авч, буулган зам талбай чөлөөлөх шаардлагатай байгааг ачаа хүлээн авагчид, тээвэр зуучийн компаниудад мэдэгдэж байна.
Эх сурвалж: УБТЗ