УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Урианхай, Тува түмний соёлын наадмыг зохион байгуулахаар болжээ. Тус наадмыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай хамтран санаачилж, Соёлын яам дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Урианхай, Тувачууд Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин их өв сантай. Тиймээс өв соёлоо эрхэмлэн дээдлэгчдийг хамтран ажиллаж, соёлын наадамд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид уриалж байна. Соёлын өдрүүд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг, Толбо нуурын хөвөөнөө энэ сарын 25,26-нд болох юм байна. Энэ хүрээнд 108 магтаалч, 21 цуурч, Бийчид, Хөөмэйч, ерөөлчид уран бүтээлээ толилуулна. Мөн Эртний болоод өнөө хүртэл амьдаараа хадгалагдан яваа их өвийг харуулсан өвөрмөц нээлт, хаалтын концерт, Монгол, Тува, Өвөрмонгол, ШУӨЗО-ны урианхайчуудын хэл аялгуу, хувцас хэрэглэл, өв соёлыг нүдээрээ харах боломж бүрдүүлж, Монголын хамгийн эртний харваа буюу өвөг харваа Урианхай сурын өрсөлдөөнт баг харваа, онч мэргэнийг шалгах Зүс харваа зэрэг үйл ажиллагаа болох юм байна.
Мөн Аман билгийн тэмцээн буюу Урианхай тууль, ерөөл, магтаал, Икэл, цуур, товшуурын аялгуу, Урианхай хошин яриа урианхайн уртын болон богинын дууг өвлөн тээж яваа өвлөн уламжлагчдын уран яруу өвөрмөц тэмцээн болно.
Үүнээс гадна орол, үүшүүр, 100 цааст хөзөр, Буган шатар, нар сэмбэ, унага даага нийлүүлэх, шагай, цах гээд уламжлалт тоглоом наадгайг үзэж сонирхох боломжийг бүрдүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн энэ үеэр Урианхай, Тува түмний түүх, хэл, ёс заншил, соёлын эрдэм шинжилгээний хурал болно.