Шри Ланка сүүлийн хэдэн арван жил хамгийн том санхүүгийн хямралд нэрвэгдэж, олон сая хүн хоол хүнс, эм тариа, түлш шатахуун худалдаж авахын төлөө тэмцэж байгаа билээ. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Ранил Викремесингхэ мягмар гарагт улс нь бүрмөсөн "дампуурсан" гэж мэдэгдэв.
Өмнөд Азийн 22 сая хүн амтай улс хөгжиж буй гэхээсээ илүү дампуурсан орны хувьд яриа хэлэлцээнд орсон учраас ОУВС-тай хийх хэлэлцээ "хэцүү" байгааг Викрмесингхэ хууль тогтоогчдод хэлжээ.
"Бид одоо дампуурсан орны хувьд хэлэлцээнд оролцож байна. Тиймээс өмнөх хэлэлцээг бодвол илүү хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдалтай нүүр туллаа" гэж Викремесингхэ парламентад мэдэгдэв.
"Манай улс дампуурлын байдалтай байгаа тул бид өрийн тогтвортой байдлын төлөвлөгөөгөө ОУВС-д тусад нь хүргүүлэх ёстой" гэж тэр нэмж хэлэв. "Тэд энэ төлөвлөгөөнд сэтгэл хангалуун байж л бид ажилтнуудын түвшинд тохиролцоонд хүрч чадна. Энэ бол шууд үйл явц биш" гэдгийг тэрээр онцолжээ.
Шри Ланка сүүлийн 70 жилийн хугацаанд хамгийн хүнд санхүүгийн хямралтайгаа нүүр тулаад буй. Тус улсын гадаад валютын нөөц нь хамгийн доод түвшинд хүрч, хоол хүнс, эм тариа, шатахуун зэрэг зайлшгүй шаардлагатай импортын барааг төлөх ам.долларын нөөц нь дууссан гэнэ.
Ерөнхийлөгч Готабая Ражапакса лхагва гарагт твиттер хуудсандаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас тусламж хүсч, "шатахуун импортлоход зээлийн дэмжлэг үзүүлэхийг" хүссэн юм.
ШрисЛанкийн худалдааны нийслэл гэгддэг Коломбо зэрэг хэд хэдэн томоохон хотуудад олон зуун хүн шатахуун авахын тулд хэдэн цагаар дугаарлах явдал хэвээр байгаа бөгөөд заримдаа цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдөөн үүсдэг болжээ. Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, түлшийг зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд өгөхөөр хязгаарласан аж.
Ням гарагт Шри Ланкийн Эрчим хүчний сайд Канчана Вижесекера хэлэхдээ, тус улсад нэг өдрийн хэрэгцээгээ хангаж ч хүрэхгүй шатахуун үлдсэн байна.
"Шатахуун, хүнсний хувьд манай улс хэзээ нэгэн цагт энэ хямралтай тулгарах ёстой байсан. Шатахууны хомсдолтой байгаа дээр нэмээд хүнсний үнэ өссөн" гэж хэлээд Украин дахь Орос дайн зэрэг олон улсын хямралыг улам дордуулсан гэжээ.
"Сүүлийн үеийн дэлхийн хямралын улмаас энэ байдал улам хурцдаж, хайруулын тавган дээр байсан бид зууханд унасан" гэж Вижесекера улсынхаа нөхцөл байдлыг тодорхойлсон байна.
Мягмар гарагт Ерөнхий сайд Викрмесингхэ өрийн бүтцийн өөрчлөлт, тогтвортой байдлын талаарх тайланг наймдугаар сар гэхэд ОУВС-д хүргүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Хэрвээ гэрээ байгуулж чадвал дараагийн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх зээлийн тусламжийн иж бүрэн хөтөлбөрийг бэлтгэх аж.
Түүний парламент дахь илтгэлийг сөрөг хүчний хууль тогтоогчид "Гэртээ харь" гэж хашгиран тасалдуулжээ.
Эх сурвалж: CNN News