Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад дэгдсэн таван удаагийн халдварт өвчний голомтод ажиллаж, эрүүл мэндийн салбарт 37 жил тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан 27 жил ажилласан ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн Дэд захирал асан, Сүрьеэгийн зөвлөх эмч, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, ХӨСҮТ-ийн клиникийн профессор М.Тунсагт Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд 37 жил хөдөлмөрлөхдөө дотрын болон халдварт эмнэлгийн тусламж үйлчилгээг олон өвчтөнд үзүүлж, орон нутаг, аймаг, хот хоорондын алсын дуудлагад 528 удаа ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай үзүүлсэн. Бүх нийтийг хамарсан халдварт өвчин вирусийн халдваруудын голомтуудад ажиллаж, 2015-2016 онд дэгдсэн улаан бурхан өвчний тархалтыг бууруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад санаачилгатай оролцож, дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдварын тархалтын үед ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ХӨСҮТ-ийн Дэд захирал асан Мөрнэрэнгийн Тунсагийг Монгол Улсын ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ-ээр шагнаж байна" хэмээн онцлон тэмдэглэв.
М.Тунсаг нь эрүүл мэндийн салбарт нийт 37 жил үр бүтээлтэй ажилласнаас 27 жилийг ХӨСҮТ-д дотрын эмч, Тасгийн эрхлэгч, Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажилласан. Мөн дэлхий нийтэд нүүрлэсэн коронавируст халдварын хүнд үеийг даван туулахад улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулж байв.
Сүүлийн гурван жилд ХӨСҮТ-ийн халдварт голомтын үед арын албыг бүрэн даан, эрсдэлийг зохицуулан, урьдчилан сэргийлж ажилласан гавьяатай, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг билээ.