Өчигдөр /2022.07.06/ болсон МСНЭ-ийн Их хурлаар TV5 телевизийн сэтгүүлч Ө.Отгонбаатарыг ерөнхиийлөгчөөр сонгосон билээ. Тэгвэл өмнөх хурлын үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуустал түр хугацаанд бүртгэхгүй байх мэдэгдэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт илгээжээ.
Уг асуудлаар сэтгүүлч С.Шаравдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр, МСНЭ 2018 онд хуралдахдаа хуйвалдаан хийсэн. Тухайн үед дүрмээ зөрчсөн гэдэг үндэслэлээр бид шүүхэд хандсан. Шүүхээр орон нутгийн мэргэжлийн төвийн сонгууль хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд өмнө нь УЗ-д байсан хүмүүсийг хуралд оролцуулна. Бага хурлын гишүүдийг Бага хурлын үйл ажиллагаанд оролцуулах шаардлагатай. Өчигдрийн хурал хэдхэн хүний оролцоотой, сэтгүүлчдийн татвараас нь боомилсон хурал болсон. Сэтгүүлчдийн эвлэл хэдэн хүний эрхшээлд орчихсон. Энэ байдлыг засахгүй бол улам гаарна. Хэдэн хувийн байгууллага шиг болно. Сэтгүүлчдийн нэрийг барьж бизнес хийж, улс төрд орж байгаа явдлыг зогсоох ёстой гэж үзэж байна. Ийм зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна гэлээ.