Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.
Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.