Украины зүүн нутгийн Лисичанск хот Оросын цэргүүдийн мэдэлд очсоныг тус улсын арми баталжээ.
"Лысычанскийн төлөөх ширүүн тулалдааны дараа Украины батлан хамгаалахын хүчин эзлэгдсэн байрлал, эгнээнээсээ ухрахаас өөр аргагүй болсон" гэж армийн жанжин штаб мэдэгдэв.
Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ, түүний цэргүүд Лисычанск хотыг эзлэн, Луганск мужийг бүрэн хяналтандаа авсан гэж байв.
Украины армийн Ерөнхий штаб нь "Украины хамгаалагчдын амь насыг аврахын тулд цэргээ татах шийдвэр гаргасан" гэж мэдэгдээд Оросууд их буу, нисэх онгоц, хүн хүч болон бусад хүчнээрээ олон давуу талтай байсан гэжээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины цэргүүд өөрсдийн тактик болон "орчин үеийн зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлчихээд" Лисичанск руу буцаж ирнэ гэж амлалаа.
Өмнө нь Оросын Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров Лисичанскийн төвд Чечений дайчдыг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн юм.
Долоо хоногийн өмнө Оросын цэргүүд хэдэн долоо хоногийн турш Оросын бөмбөгдөлтөөс болж балгас болсон Северодонецк хотыг эзлэн авсан юм.
Лисичанск нь Северский Донец голын цаадах өндөрлөг газарт баригдсан нь байгалийн хүчтэй хамгаалалтыг бий болгоно гэсэн найдвар байсан. Гэвч хотын эргэн тойрон дахь бүслэлт чангарч, Оросын цэргүүд орох, гарах ихэнх замыг хянах болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой.
Украины албаныхан өнгөрсөн ням гарагт хотод болсон тулааны талаар чимээгүй байсан. Үүнийг зарим талаараа "үйл ажиллагааны аюулгүй байдал" гэсэн шалтгаанаар тайлбарлаж болно. Тэд ямар ч тактикийн ухралтыг дамжуулахыг хүсэхгүй байгаа хэдий ч Лисичанскыг алдсан нь зүүн зүгт дахин нэг ухралт болох нөхцөл бүрдүүллээ гэж шинжээчид дүгнэж байгаа аж.
Лисичанскийн уналт нь Донбасс дахь тулааны төгсгөл биш юм. Украин хөрш Донецкийн томоохон хот суурин газруудад хяналтаа тогтоосоор байна. Тэдний хүчин Бахмут, Славянск хоёрын хооронд хамгаалалтын шинэ шугамыг бэлтгэж байсан гэдэг. Одоо тэнд Оросын хүчтэй буудлагад өртөж, хоёр тал их хэмжээний хохирол амссаар байна.
Эх сурвалж: BBC News