Булган аймаг 2022 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарласантай холбоотойгоор "RFC Mongolia & RFC Bulgankhangai 2022" авто уралдааныг Булган аймагт зохион байгуулах гэж байна. Бүс нутгуудын онцлог, аялал жуулчлалын ялгамжийг харгалзан үзээд, өмнөд бүс нутаг буюу түүх, соёлын аялал жуулчлалын бүс болгон зарласан сумдуудыг хамарсан Булган аймгийн өмнөд хэсгийн сумдуудын түүх соёлын дурсгалт газрууд айраг, тал нутгийн нүүдэлчдийн амьдралыг сурталчилах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд буй цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх зорилгыг нэгтгэсэн, Олон улсын зэрэглэлийн RFC буюу RAINFOREST CHALLENGE бартаат замын автомашины уралдаан болно.
Энэ удаагийн уралдаан нь "RFC Bulgankhangai 2022" нэртэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Хурд, Хүч, Эв нэгдэл, Ур чадвар, Шандас шалгасан RFC нь авто уралдааны хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг бөгөөд уралдаан 2022.07.06-09-ний өдрүүдэд Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг, Рашаант сумдыг хамран зохион байгуулагдана. Алдартай тамирчид, Олон улсад нэр хүндтэй багуудын хүчирхэг тулааны дараа Булган нутгийг сурталчилсан нэвтрүүлэг, контентууд дотоодод болон Олон улсад Булган аймгийг тодорхой хэмжээнд таниулах зорилготой юм.