Олон улсын ихэнх агаарын тээврийн компаниуд бүх онгоцоо түрээслэдэг. Гэтэл манай МИАТ шиг жижиг, дүү агаарын тээврийн компани онгоц худалдаж авлаа гэдэг шүүмжлэл явдаг. Тэгвэл бид онгоц худалдаж авахын давуу тал нь юу болох талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.
Тэрбээр, “Орос, Украины цэргийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор эйрфлот компани бүх нислэгээ зогсоолоо. Яагаад гэвэл эйрфлотын 500 орчим онгоц бүгд түрээсийнх. Түрээсийн онгоц авч ашиглана гэдэг нь тухайн онгоцыг шинэ дээр нь, залуу байх үед нь аваад, түрээсээр ашиглаж байгаад хугацаа нь дуусахаар буцаагаад өгдөг. Энэ нь аутсорсонг хийж байгаа аргачлал. Энэ аргачлал үүсээд, дэлхий нийтийн жишиг болчихсон. Манай компани нэг онгоц эзэмшиж байна. Энэ нь 2013 онд худалдаж авсан Боинго 767 300ER гэдэг онгоц.
Би онгоц худалдаж авахыг буруутгадаггүй. Бид аваад ашиглах нь зөв. Хамгийн гол нь тухайн үед авч байсан онгоц маань 767 маркын Боинго онгоц байгаа юм. Энэ нь үйлдвэрлэлийн хувьд төгсгөл хэсэг нь байсан.
Энэ онгоцыг манайхаас хойш 10 гаруйг үйлдвэрлээд зогсоосон. Дахиж үйлдвэрлээгүй. 767 онгоцыг бид үйл ажиллагаандаа авч ашиглаж байгаа нь цаашдаа энэ онгоцны зах зээл дэх үнэ буурна. Яагаад гэвэл үүнийг дахиж үйлдвэрлэхээ больсон. Хэрэглээнээс гарч байна. Энэ онгоцыг аваад бид 10 жил болох гэж байна. Тухайн үеийн Засгийн газар, удирдлагууд гаргасан шийдвэрийг би энд буруутгаад суух утгагүй байх. Жаахан өөлөөд хэлвэл арай өөр төрлийн онгоц байхгүй яг тэр 67 байсан нь жаахан тийм.
Бид дахиад шинээр онгоц худалдаж авах шаардлага гарвал, одоо яг ид үйлдвэрлэгдэж байгаа, ирээдүйд 20-30 орчим жил дахиад үйлдвэрлэл нь зогсхооргүй ашиглагдах онгоц авах хэрэгтэй. Ядаж л зах зээлийн үнэ нь унахгүй.
Магадгүй дараа нь түрээслэх боломжтой. Эргээд бид зарахад хэрэгтэй.
Бас нэг сайн талыг нь харвад саяын ковидын нөхцөл байдлын үед эсвэл Орос, Украины асуудал шиг ийм асуудал гарсан үед өөрийн онгоцоо нисгэх боломжтой болно. Түрээсийн онгоцыг эзэмшигч нь явуулахгүй байх нь зөв” гэлээ.