Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү наадмын тасалбартай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав.
Наадмын тасалбарын үнэ 400,000 төгрөгт хүрлээ гэх асуудал гарч байна. Тасалбарыг дамлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаж байгаа юу? гэж асуухад тэрбээр "Олон нийтийн сүлжээнд Үндэсний их баяр наадмын тасалбарыг 400,000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл тархсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
Баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс цахимаар борлуулж эхэлсэн. Ингэхдээ нэг хүн хоёр тасалбар л авах сонголттой байсан бөгөөд нэг хүн, нэг л зогсоолд тавихаар борлуулалт хийгдсэн.
Борлуулалтын явцад Тагнуулын байгууллага хяналт хийсэн. Мөн өмнө нь программын найдвартай байдалд бид хяналт тавьсан.
Харин энэ гарч байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, үнэхээр шаглаж зарсан асуудал байна уу эсвэл тасалбар авсан хүмүүс өөрсдөө боломжгүй болоод борлуулах гэж байгаа юу гэдгийг шалгаж тогтоох байх. Тогтоосны дараа мэдээлэл тодорхой болно.
Enaadam.mn цахим хуудас цаашид наадамд ашиглагдаад явна. Энэ сайт нь тусдаа Соёлын яамны захиалгаар хийгдэж байгаа.
Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа тухайн сайтыг ашигласан. Үүнд гэрээ хийж ажилласан хувийн хэвшилд ямар нэг төлбөр төлөөгүй. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулж борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хийж өгсөн.
Наадмын тасалбар борлуулах үед нийт хоёр сая хүн тус сайтад хандсан. Энэ үед ч энэ сайтын ачаалал унаагүй. Ийм найдвартай байдлыг нь Цахим хөгжлийн яам шалгаж, тухайн ААН-тэй гэрээ байгуулан ажилласан" гэлээ.