Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим газар уруйн үер буусан бол Булган аймгийн нутагт хүчтэй салхитай байжээ. Дээрх ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс айлын гэр нурж, машинтайгаа үерийн усанд боогдсон зэрэг дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал Булган аймгийн Могод сумын нутагт долдугаар сарын 2-ны өдөр 16:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан байна.
Мөн аймгийн Булган сумын Булган багийн нутагт хүчтэй салхины улмаас гурван айлын байшингийн дээвэр хууларч, хашаа нуржээ.
Үерийн тухайд өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Цонжинболдог” цогцолборын авто замын дэргэд дотроо хоёр хүүхэд, нэг том хүнтэй суудлын автомашин үерийн усанд боогдсон байсныг 30 минут ажиллаж аюулгүй газарт гаргасан байна.
Харин Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Хаан жимс” амралтын газарт үерийн ус/уруйн үер/ орж, долоон том хүн үерийн усанд боогдсон байсныг 50 минут ажиллаж аюулгүй газарт гаргажээ. Уг амралтын газарт нийт 10 гэр, хоёр байшин үерийн усанд автсан байна.