Нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү "Болор цом" яруу найргийн наадмын эзэн Хасар 42 насандаа тэнгэртээ дэвшлээ.
Яруу найрагч Л.Хасар нь 1978 онд Улаанбаатар хотод төрж, 1993 онд дунд сургуулиа төгссөн. Тэрбээр 2004 онд "Зүг чиггүй гурвалжин" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал хүртэж байсан. "Усан үзэмнээс нарны нулимс амтагдана", "Хэлбэр дүрсгүй орчлон", "Эхлэл, төгсгөл", "Нүдэн нуур" зэрэг шүлэг бичсэн юм. Түүний бичсэн шүлгээс:
Миний нэг өдөр ингэж санагдаад
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хаягт дараах мөртүүдийг бичжээ.
Би чиний зүрхэнд өөрийгөө оршуулаад
Чамайг нэвт туучин одно
Чиний зүрхийг өвдөглөн өөр бүсгүйн өмнө сөгдөнө ай хорвоо…
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.