Газар хөдлөлтийн улмаас наад зах нь таван хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн бөгөөд удалгүй тус газар 6.3 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон байна.
Хамгийн хүчтэй хоёр чичиргээ 6.3 магнитудын хүчтэй бүртгэгдсэн боловч хүний амь насыг хохироосон нь бямба гарагийн үүрээр газрын гадаргаас 10 км (6.2 миль) гүнд болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт гэж таамаглаж байгаа аж.
"Эхний газар хөдлөлтийн үеэр хохирогчид бүгд нас барсан бөгөөд дараагийн хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүмүүс гэрийнхээ гадаа байсан тул хэн ч хохироогүй" гэж орон нутгийн албаны хүн Фоад Морадзадегийн хэлснийг IRNA агентлаг иш татжээ.
Бандар-Аббас орчмын тосгон, суурин газруудад 30 орчим чичирхийлэл мэдрэгдсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлсэн бол хөрш зэргэлдээ Арабын Нэгдсэн Эмират улсад ч чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ.
Газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн гудамжинд гарч, тэндээ шөнийг өнгөрөөжээ. Газар хөдлөлтөд өртсөн хүмүүс орон нутгийн удирдлагууд болон онцгой байдлын албаныхны босгосон майханд байрлаж байна.
Орон нутгийн Улаан хавирган сар нийгэмлэгийн яаралтай тусламжийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Якуб Солеймани эрэн хайх, аврах ажиллагаа дууссан талаар Ираны төрийн хэвлэлд мэдэгдэв.
Орон нутагт агаарын хэм Цельсийн 45 хэмд хүрч байгаа тул чичирхийлэлд нэрвэгдсэн хүмүүст зориулж хөргөлтийн системийг бий болгох нь тулгараад буй гол бэрхшээл болоод буй гэнэ.
Олон нийтийн сүлжээ болон төрийн телевизээр цацагдсан видео бичлэгүүдэд хэд хэдэн тосгонд газар хөдлөлтөөр нурж сүйдсэн байшингуудыг харуулжээ. Газар хөдлөлтийн улмаас тосгодууд цахилгаан эрчим хүчгүй болов.
Ираны өмнөд мужуудад сүүлийн үед хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсон. Сүүлийн нэг сарын хугацаанд баруун Хормозган мужид 150 удаа газар хөдлөлт, чичирхийлэл болсон гэж тус улсын телевиз мэдээлэв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бандар Аббас хотын ойролцоох Кешм арлын ойролцоо хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж, нэг хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: Aljazeera