АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үр хөндөлт хийлгэхээр зорчиж буй эмэгтэйчүүдийг холбооны засгийн газар хамгаална гэж мэдэгдэв.
АНУ-ын Дээд шүүх 50 жилийн өмнө гаргасан Роу Вэйдийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын сая сая эмэгтэйчүүд үр хөндөх үндсэн хуулиар олгогдсон эрхээ алдсан билээ.
Шүүхийн шийдвэр нь тус тусдаа муж улсуудад уг процедурыг хориглох замыг нээж өгсөн юм. Үр хөндөлтийн үйлчилгээг цуцлах эсвэл дэмжихийн төлөөх тэмцлүүд нь орон нутгийн тулааны талбар болж байна.
Үр хөндөлтийг хориглосон эсвэл хязгаарласан муж улсын эмэгтэйчүүд энэ журам хууль ёсны хэвээр байгаа мужид очиж үр хөндүүлж болно.
Ерөнхийлөгч Байден Ардчилсан мужийн захирагч нартай хийсэн виртуал уулзалтын үеэр хэлэхдээ, АНУ-ын зарим мужууд үр хөндөлт хийлгэхийн тулд муж улсын хил давсан эмэгтэйчүүдийг баривчлах оролдлого хийх биз. Хүмүүс ийм зүйл болно гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ ийм зүйл болно" гэж хэлжээ. Тиймээс үр хөндөлт хийлгэхээр өөр муж руу явж буй эмэгтэйчүүдийг холбооны засгийн газар хамгаалах аж.
Засгийн газар үр хөндөлтийг хориглосон мужуудад үр хөндөлтийн эмийг хүртээмжтэй болгох болно гэж ерөнхийлөгч Байден нэмж хэлэв.
АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эхний гурван сард үр хөндөлт хийлгэх эрхтэй байсан бол хоёр, гурав дахь гурван сард хууль ёсны хязгаарлалт, хориг тавихыг зөвшөөрсөн юм.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 13 муж аль хэдийн үр хөндөлтийн хүртээмжийг эрс хязгаарласан эсвэл хаахаар болсноо мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Байден хэлэхдээ, зөвхөн Ардчилсан нам завсрын сонгуульд ялалт байгуулснаар Конгресст холбооны үр хөндөлтийн эрхийг сэргээх эрх олгоно гэдгийг онцлон дурджээ.
Эх сурвалж: BBC News