Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь “Кью Эс Си” ХХК. Тус компанийн хувьд зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй, хамгийн их чирэгдэл учруулсан. Түүх сөхөж үзвэл, 2014 онд Төмөртэйн ордоос Баянголын төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг юм. Гэвч зээлийн эргэн төлөлтөө 2018 оны 6 дугаар сараас эхлэн тасалдуулж, төлбөрийн зөрчил нь 3.8 жилийн өмнөөс бий болжээ. Энэ үеэс эхлэн чанаргүй зээлд тооцогдож, Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр шууд нөлөөлөх болсон байна.
Тэгвэл Хөгжлийн банкны зүгээс энэ оны 1 дүгээрсарын 20-нд чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлаж, үүний дотор том зээлдэгч “Кью Эс Си” ХХК байв. Тус компанийн зээлийн асуудал шүүх дээр хүртэл өрнөж, эцсийн мөчид Хөгжлийн банк зээлээ төлүүлж авлаа. Удаан хугацааны турш зээлээ төлөхгүй, хариуцлагаас зугтсан “Кью Эс Си” компани бэлэн мөнгөөр зээлийн төлбөрөө барагдуулж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн актив буурч байна.
Засгийн газар, Хөгжлийн банк, АТГ Прокурорын байгууллага, Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн шахалт, шаардлага, шалгалтын үр дүнд чанаргүй зээлүүд эхнээсээ төлөгдөж, гэрээний эрх үүргийг хангуулж эхэллээ.
Энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн банкны нөхцөл байдал тун хүнд байсан. Өнгөрсөн оны сүүлээр Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Банканд нэг чухал үзүүлэлт байдаг, өөрийн хөрөнгөний хүрэлцээний харьцаа гэдэг. Энэ нь Монголбанкны тавьсан шаардлагаар манай банк дээр 9 хувиас дээш байх ёстой байсан. Оны эцсийн байдлаар Монголбанкны шалгалтын үр дүнд энэ дүн 1.3 хувь болж буурах нөхцөл байдал үүсээд байсан. Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, мөн Сангийн сайдын хэлсэнчлэн "Кью Эс Си" ХХК-ийн төлбөр бүрэн төлөгдөж, барагдсанаар бидний урьдчилан тооцсоноо манай банкны өөрийн хөрөнгөний хүрэлцээний харьцаа үзүүлэлт 13.8 хувь болж байна. Энэ нь банкны хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилттой тун дөхөж байна. Бид оны эцэс гэхэд Хөгжлийн банкны хувьд аливаа нэгэн бэрхшээлгүй хэвийн үйл ажиллагаатай болно гэсэн зорилттой ажиллаж байна" гэж хэллээ.