Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Энэ үеэр тэрбээр "2023 оны есдүгээр сард төлөгдөх "Евро бонд"-ын 500 сая доллар болон тус оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх учиртай Засгийн газрын баталгаатай "Самурай бонд"-ын эрсдэл тодорхой хэмжээнд гарч байна. Төгрөг болон иений өнөөдрийн ханшаар "Самурай бонд"-д 700 орчим тэрбум төгрөг төлөх учиртай байгаа. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн Банкны чанаргүй зээлүүдийг тухайн банкаар нь бүрэн төлүүлэх зорилгыг тавьж байна. Одоогоор 500 орчим тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үлдсэн хувь нь төлөгдөх хугацаа хүртэл жил хагасын хугацаа байна. Бид Самурай бондын эрсдэлийг бүрэн хаана, татвар төлөгчдөд санхүүгийн дарамт төсвөөр дамжиж очихгүй гэсэн үг. Ийм сайн мэдээ байна.
Дээр дурдсанчлан 500 тэрбум төгрөг төлөвлөснөөр энэ өрийг төлөх сан хуримтлагдаж байна гэсэн үг. Хуримтлагдсан хэмжээгээр гадаадын зах зээлд "Самурай бонд"-ыг худалдан авсан. Мөн бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагч нарт хандсан. Хөрөнгө оруулагчид хүсвэл хугацаанаас өмнө үүнийг буцааж дуудаж болно. Бид төлөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Бидний тавьсан энэ саналын дагуу буцаан дуудах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, өрийн бичигт гадаад хөрөнгө оруулагч нар маш итгэлтэй байна гэсэн үг. Хугацаандаа бүрэн төлөгдөнө гэдэгт итгэж байна гэдэг хариу өгсөн" гэж хэлэв.
2018 онд УИХ-аас Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог цаад талтай хэлэлцэх журмаар харилцан суутгах үүрэг өгсөн байгаа. Миний бие 2021 оны нэгдүгээр сард томилогдмогцоо энэ үүргийг хүлээж авсан. Үүнээс хойш 49 хувийг ОХУ-ын талаас анх худалдан авсан холбогдох компанийн төлөөллүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийж, архивын материалтай танилцаж, нэлээд баримт материал цуглуулсны үндсэнд яриа хэлцэл амжилттай болсон.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард хоёр талын хэлэлцээрийг бодит байдал болгох, харилцан хамаарлаа хүлээн зөвшөөрч байна. Улмаар 2018 оноос анх гарч ирсэн харилцан суутгах таван зүйлийг хэсэгчлэн харилцан суутгал хийх хүсэлт ирүүлсэн. Үүнийг Засгийн газар хэлэлцэж, судлаад шат дараатай хэсэгчилж, харилцан суутгал хийх замаар төлбөрийг барагдуулахаар шийдэж эхэлж байна" хэмээн хэллээ.
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банкны нөхцөл байдал тун хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Монгол банкнаас Хөгжлийн Банканд шалгалт хийсэн. Банкны чухал үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харилцаа байдаг. Монгол банкнаас тавьсан шаардлагыг Хөгжлийн банкан дээр 9 хувиас дээш байх ёстой байсан. Оны эцсийн байдлаар Монгол банкны шалгалтын үр дүнд энэ хувь 1.4 хувь болж буурахаар нөхцөл байдал үүсэж байсан.
Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийг төлүүлэх энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж, "Кью-Эс-Си" компанийн төлбөр бүрэн төлж барагдсанаар одоогийн байдлаар урьдчилсан тооцоогоор өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 13.8 хувь дээр явж байна. Энэ нь банк хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилтод тун дөхөж байна” гэв.