Лхагва гарагийн үдээс хойш Нигерийн Широро мужид зэвсэгт дайчид уурхай руу дайрчээ.
Зэвсэгт этгээдүүд Нигерийн төв хэсэгт орших уурхайн талбайд халдаж, олон тооны хамгаалалтын ажилтнуудыг хөнөөж, Хятадын дөрвөн иргэнийг хулгайлсан гэж эрх баригчид мэдэгдэв.
Дотоод аюулгүй байдлын улсын комиссар Эммануэл Умар лхагва гарагт Нигер мужийн Широро дүүргийн Ажата Абоки тосгон дахь уурхайн талбайд зэвсэгт этгээдүүд халдсаны дараа аюулгүй байдлын албаныхан ослын дуудлагыг хүлээн авсан гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр "Аюулгүй байдлын хамтарсан баг террористуудтай тулалдсан. Хоёр талаас олон тооны хүмүүс хохирсон. Гэхдээ нийт хохирогчдын тоо хараахан тогтоогдоогүй байна. Учир нь уурхайн талбайд ажиллаж байсан ажилчдын тоо тодорхойгүй байна. Гэмт этгээдүүд уурхайд ажиллаж байсан дөрвөн Хятад иргэнийг хулгайлсан" гэж мэдэгджээ.
Эрх баригчид тус компанийн нэрийг зарлаагүй байна.
Хятадын гурван иргэн энэ оны эхээр Нигер мужид усан цахилгаан станцад ажиллаж байгаад дээрхтэй ижил төрлийн халдлагын үеэр хулгайлагдсан юм.
Арваннэгдүгээр сард Хятадын эрх баригчид иргэд, компаниудаа Нигери болон Африкийн бусад хэсэгт “өндөр эрсдэлтэй” бүс рүү аялахаас сэрэмжлүүлсэн аялал жуулчлалын зөвлөмж гаргаж байв.
2015 онд ерөнхийлөгч болсон, тэтгэвэртээ гарсан цэргийн генерал Мухаммеду Бухаригийн үед Нигерийн аюулгүй байдлын байдал эрс муудсан гэдэг.
Лхагва гарагийн халдлага бол сүүлийн нэг жилийн хугацаанд олон зуун хүний аминд хүрсэн хүчирхийллийн мөчлөгийн хамгийн сүүлийн тохиолдол юм. Ихэнх халдлагууд баруун хойд бүс нутагт болсон ч аажмаар Нигерийн төв хэсэг рүү чиглэж эхэлжээ. Тус улсын гучин зургаан мужаас хамгийн том нь болох Нигер муж нь холбооны нийслэл Абужа хотын хажууханд байрладаг.
Уг хүчирхийллийг зэвсэгт дээрэмчид хийсэн хэмээн буруутгаж, тус улсын зүүн хойд нутгийн Боко Харам бүлэглэлтэй хамтран алслагдсан суурингуудыг онилж байна гэж дүгнэж буйгаа эрх баригчид мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Aljazeera