Зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд "Замын хашлага дэмий сольж байна, үргүй зардал гаргалаа, мөнгө угааж байна" гэх зэрэг шүүмжлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан бид Нийслэлийн замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Баттулгаас зарим зүйлийг тодруулахад энэ оны зам засварын ажилд есөн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн талаар хэллээ. Ингэхдээ дунджаар сүүлийн 10 жилд засвар ороогүй газруудад төвлөрч ажиллаж байгаа гэсэн юм.
Тэрбээр, “Авто замын хашлагыг дангаар нь сольдог ажил байхгүй. Доошоо суусан, хазайсан тохиолдолд тэгшилж байгаа. Сугалаад буцаагаад хийх хооронд сошиалд зургийг нь тавьчихаад, хашлага сольж байна гэдэг шүүмжлэл гардаг” гэв.
Харин иргэдээс энэ асуудлаар байр суурийг нь тодруулахад:
- Зүгээр байгаа зүйлийг дахин дахин хуулж, жил болгон засварлаж байхаар нэг удаад чанартай хийчих хэрэгтэй. Тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан зам манайд хомс шүү дээ. Үзвэр үйлчигээний байгууллагын орц, гарцыг засмаар байна. Аливаа байгууллагаруу хөгжлийн бэрхшээлтэй хүн орох боломжгүй байдаг. Дэмий зам хуулж хашлага сугалж байхаар энд тэнд налуу зам тавьбал арай хэрэгтэй.
- Юм хийж байгаа хүмүүсийг шүүмжлэх бодол байхгүй. Хийж л байгаа юм чинь болж байна" гэж ярьцгаалаа.
Түүнчлэн замын хашлага сугалах, солих үнэхээр шаардлагатай ажил мөн эсэхийг зам засварчнаас асуухад:
“Замын хашлагын стандарт ашиглагдах хугацаа нь 3-5 жил байдаг. Бидний хувьд хашлага соль, сугал гэх зааврын дагуу л ажлаа хийж байгаа. Одоогийн байдлаар хашлагаа сугалаад буцаад хийж байна. учир нь замтайгаа тэнцүүлэх гээд байгаа юм” гэж ярив
Мөн өнгөрсөн онд зөвхөн замын заадас засварлахад нийслэлээс нэг тэрбумыг төсөвлөсөн байдаг. Гэтэл засвар ажил дууссаны дараа, борооны аяыг даалгүй өнөөх засварууд усанд урссан. Өөрөөр хэлбэл нэг тэрбум төгрөг салхинд хийссэн юм. Тухайн үед бид энэ талаар мэргэжилтнээс тодруулахад, хил гааль хаалттайн учир стандартын шаардлага хангасан материал ашиглаагүй. Улмаар ийн байдалд хүрсэн гэж ярьж байв. Харин бид энэ үйл явдал дахин давтагдах эсэх талаар дээрх мэргэжилтнээс асуув.
Ингэхэд, “Энэ жил стандартад нийцсэн материалаар засвар хийсэн. Бороо ороход засвар ажил сүйдэхгүй” гэлээ.