0-18 насанд осол гэмтлийн тохиолдол илүү бүртгэгдэж байгааг анхаарах шаардлагатайг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийн дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны Осол гэмтэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сэлэнгэ хэллээ.
Тэрбээр “Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл гэж үздэг. Учир нь үүнээс бид урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Манай улсад тохиолдож байгаа нийт осол гэмтлийн 86.6 хувь нь санамсаргүй осол гэмтэл эзэлдэг бол 13.4 хувийг санаатай осол эзэлж байна. Мөн осол гэмтлийн түвшин 6-8 сард эрс нэмэгддэг. Тэр дундаа зам тээврийн осол, хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгдэж байна.
Нийт осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудыг авч үзвэл уналт нийт осол гэмтлийн 42 хувийг эзэлдэг. Түүнчлэн осол гэмтлийн тохиолдлын түвшингээр зам тээврийн осол, хүчирхийлэл дийлэнхийг нь эзэлж байгаа.
Насны хувьд 0-18 насанд осол гэмтлийн тохиолдол илүү бүртгэгдэж байгааг анхаарах шаардлагатай.
Бид Хүүхэд нэгдүгээрт нөлөөллийн ажлын хүрээнд болзошгүй осол гэмтэлд хүүхэд өртөхөөс сэргийлж, анхаарах тухай 21 аймаг, есөн дүүрэг албан тоот явуулна. Мөн зам тээврийн осол их гардаг хар цэгүүдэд Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар удахгүй очиж, ажиллах болно” гэв.