Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2022”-ын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
“Энэхүү тайланг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс улс орнуудыг дөрвөн үндсэн үзүүлэлтээр хэмжин харуулдаг. Монгол Улсын өрсөлдөх чадвар 2022 оны байдлаар 63 улсаас 61-т эрэмбэлэгдсэн байна. Бидний хойно Аргентин, Венесуэл гэх хоёр улс байна. Их үймээн самуунтай улсуудын өмнө орсон" хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг хэллээ.
Үргэлжлүүлэн "Монгол Улсыг бусад үзүүлэлтээр харвал:
- Эдийн засгийн тамир тэнхээгээр 61
- Засаглалын үр ашгаар 57
- Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтээр 61
- Дэд бүтцээр 62 дугаар байрт тус тус эрэмбэлэгдэв.
Жилээс жилд 60, 61, 62 гэсэн үзүүлэлтээс дээш манай улс гарсангүй. Өрсөлдөх чадвар хамгийн өндөр гарсан улстай харьцуулахад Монгол Улс ахицтай гарсан дүн харагдахгүй байна.
Энэ жилийн тайлангийн онцлог нь дэлхийн 63 улс хамрагдсан бөгөөд Бахрейн улс анх удаа орсон. Түүнчлэн ОХУ болон Украиныг мэдээллийн олдоцтой байдал хангалттай биш гэсэн шалтгаанаар тайлангаас түр хассан байсан.
Энэ жил өрсөлдөх чадвараар Дани улс тэргүүлсэн бөгөөд тус улстай харьцуулахад Монгол Улсын ерөнхий өрсөлдөх чадварын оноо 36.2 болж өнгөрсөн жилээс буурсан.
Өрсөлдөх чадварын оноогоор тэргүүлсэн таван улс:
- Дани
- Швейцар
- Сингапур
- Швед
- Хонгконг байна.
Судлаач Б.Мөнгөнжигүүр "Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд харьцуулагдаж буй 63 улсаас 61-т эрэмбэлэгдсэн нь өмнөх оны үзүүлэлтээс нэг орон ухарсан үзүүлэлттэй гарсан байна. Нэгдүгээрт эрэмбэлэгддэг улсыг 100 оноотой гэж тооцон бусад улсыг 100 оноотой харгалзах оноо өгч эрэмбэлдэг. Манай улсын хувьд өнгөрсөн жил 40.04 оноотой байсан бол энэ жил 36.2 болсон. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоон жилтэй харьцуулахад хамгийн бага оноо юм" гэв.
Энэ жилийн хувьд дэлхийн даяар инфляц өндөр байна. Өөрөөр хэлбэл дэлхий даяар үнийн өсөлт, геополитикийн эрсдэлүүд, худалдааны болон нийлүүлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл зэрэг хүчин зүйлс өрсөлдөх чадварт ихээр нөлөөлж буй нь судалгаанд дурдагджээ.