Мексикт 47 настай Антонио де ла Круз гэрийнхээ гадаа буудуулж нас барсан нь тус улсад сэтгүүлчдэд чиглэсэн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа гэдгийг ахин санууллаа.
Мексикийн зүүн хойд хэсэгт орших Сьюдад Виктория дахь гэрээсээ гарч яваад буудуулж амиа алдсан байна. Сэтгүүлчийн 23 настай охин мөн уг халдлагын улмаас хүнд шархаджээ.
Хохирогч 47 настай, бүс нутгийн Экспрессо сонины сурвалжлагч Антонио де ла Круз нь хэвлэлийнхний эсрэг хүчирхийллийн улмаас амиа алдсан Мексикийн 12 дахь сэтгүүлч болоод байна.
Де ла Круз Экспрессод гуч орчим жил ажиллаж, Сьюдад Виктория хотод амьдарч байхдаа хөдөө орон нутгийн болон нийгмийн асуудлаар сурвалжилга хийжээ. Энэ хот нь хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэргийн асуудалтай тулгарсан Тамаулипас мужид байрладаг.
Де ла Крузыг буудан хөнөөсөн нь Мексикийн сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн халдлагын хамгийн сүүлийнх нь болж, 2022 оныг тус улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд түүхэн дэх хамгийн олон хүний амийг хохироосон жил болгож байна.
Мексик бол дайны бүсээс гадуурх сэтгүүлчдэд хамгийн аюултай улсад тооцогддог болжээ. Мексикийн хоёр сэтгүүлч Ессения Моллиндо, Шейла Йохана Гарсиа нар тавдугаар сард Веракруз мужид алагдсан бол 2000 оноос хойш 150 гаруй сэтгүүлч амь үрэгджээ. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний бүлгүүд Мексикийн сэтгүүлчид хүчирхийлэлд өртөж байгаад харамсаж, засгийн газрыг арга хэмжээ авахыг уриалав.
“Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорын зүгээс хэвлэлийн эсрэг хүчирхийллийн эргэлтийг зогсооход шаардлагатай шинэчлэлийг хийгээгүй" гэж "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллага цахим хуудастаа нийтэлжээ.
Ерөнхийлөгч Обрадор албан тушаал хашиж байх хугацаандаа удаа дараа халдлага үйлдэж байсан хэвлэлд дайсагнасан хандлагыг шүүмжилдэг ч үр дүнтэй шийдвэр гаргаагүй юм.
Де ла Крузын ажиллаж байсан Экспрессо сонин хүчирхийлэлд өртөж байгаа анхны тохиолдол биш юм. 2012 онд тус сонины оффисын үүдэнд тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрч, 2018 онд хотод болсон хүчирхийллийн талаар мэдээлэхгүй байхыг анхааруулсан бичиг бүхий хүний толгойг хөргөгчинд нь хийсэн байсан гэдэг.
Тамаулипас мужийн амбан захирагч Франсиско Гарсиа Кабеза де Вака де ла Крузыг хөнөөсөн хэрэг "шийтгэлгүй үлдэхгүй" гэж мэдэгдээд, холбооны прокурорын газар аллагатай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэв.
Эх сурвалж: Aljazeera