55 настай R&B дуучин Р.Келли бэлгийн наймаа, хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбоотой есөн зүйл ангиар буруутгагдаж байсан. Тэгвэл шүүхээс түүнд эмэгтэйчүүд, охид, хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 30 жилийн хорих ял оноожээ.
Лхагва гарагт АНУ-ын дүүргийн шүүгч Анн Доннелли Бруклин дахь холбооны шүүх дээр Келлигийн бэлгийн мөлжлөг тэдний амьдралд хэрхэн туссаныг мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг сонссоны дараа ял оноосон юм.
Шүүх хурал дээр хохирогчид Келлис буюу жинхэнэ нэр нь Роберт Сильвестер Келли насанд хүрээгүй байхдаа тэднийг хэрхэн гажуудсан, хүчирхийллийн шинжтэй дур сонирхолд автуулж байсныг тайлбарлан ярьжээ. Хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт дурдагдсанаар бол хооллох, бие засах газар руу орохдоо зөвшөөрөл авах, буруу үйлдлээс нь ангижруулах гэсэн "уучлалт гуйх захидал" бичих зэрэг дүрмийг чанд дагаж мөрдөхийг шаардаж байсан гэжээ.
Улс төр, урлаг, бизнесийн нөлөө бүхий эрчүүдийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэрэгт хариуцлага тооцуулахыг шаардаж #MeToo хөдөлгөөний хүрээнд Келлигийн хэрэг олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
"Ignition", "I Believe I Can Fly" зэрэг хит дуунуудтай дуучинг өмнө нь мөн ижил төстэй хэргээр шүүгдсэн хошиг шогийн жүжигчин Билл Косбигийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Женнифер Бонжан төлөөлжээ.
Хэдий 30 жил хорих ялаар шийтгэгдсэн ч Келли бэлгийн наймаанд оролцсон гэдгээ үгүйсгэсээр байгаа гэнэ. Шийдвэр гарсны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Бонжан шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэв.
Нью-Йоркийн зүүн дүүргийн холбооны прокуроруудын гаргасан ялын тогтоолд “Шүүгдэгч нь өөрийн ойр дотны хүмүүсийн туслалцаатайгаар, хэдэн арван жилийн хугацаанд бэлгийн таашаал авахын тулд хүүхэд, залуу эмэгтэйчүүдийг олзолсон. Мөн шүүгдэгч нь олон гэмт хэрэг үйлдэхийн тулд R&B бичлэгийн од гэдгээрээ хөрөнгө мөнгө, алдар нэрэндээ найдаж, бизнесийн менежерүүд, хамгаалагчид, хамгаалагчид зэрэг статус олгосон хүмүүсийнхээ томоохон сүлжээг ашиглан гэмт хэргүүдээ үйлдсэн” гэжээ.
Түүнийг өмнө нь 2002 оны зургадугаар сард янз бүрийн бэлгийн харьцаанд орсон, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн бичлэг хийсэн хэргээр 21 зүйл ангиар буруутгаж байсан ч 2008 оны шүүх хурлын дараа цагаатгасан юм.
2017 онд BuzzFeed сэтгүүлд гарсан нийтлэлд Келли хөгжмийн карьертаа тусламж хүсэхээр түүнд хандсан зургаан эмэгтэйг “секс бүлэг"-т оруулсан гэсэн шинэ мэдээллийг цацаж байлаа.
Дараа нь 2019 оны нэгдүгээр сард АНУ-ын Lifetime телевизийн сувгаар дуучны бэлгийн хүчирхийлэл, зүй бус үйлдлийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн “R Kelly-ийн тамлалаас амьд үлдэгсэд” хэмээх зургаан ангит баримтат кино гарчээ. Уг кинонд дурдагдсан хохирогчид бүгд хар арьст эмэгтэйчүүд байсан тул хэргийг нь үл тоомсорлосон гэх мэдээлэл цацагдаад буй.
Эх сурвалж: The Guardian