УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутгаар явж иргэдийн амьдралтай танилцлаа. Хүнс, бараа бүтээгдэхүүний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг тэд хэлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистикийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг эдийн засагт өгч байна. Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6,2 хувь байсан бол одоо улсын хэмжээнд 15,1 хувьд, Улаанбаатарт 16,2 хувьд хүрлээ. Энэ нь УИХ-аас баталсан Төв банкны зорилтоос давсан байна. Инфляци 2,5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна.
Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляци 18 хувьд хүрч бүс нутагтаа тэргүүлж байна. Тухайлбал,
- Төмсний үнэ кг нь 970 төгрөг байсан 2500 төгрөг болж 2,5 дахин,
- Лууван кг нь 2000 байсан бол 4700 болж 2,3 дахин,
- Ургамлын тос 4300 байсан 9500 болж 2,2 дахин,
- Байцаа 3000 төгрөг байсан 5200 болж 1,7 дахин,
- Элсэн чихэр 2700-3750 төгрөг болж,
- Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж,
- "Сүү" компанийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27 хувь өссөн байна.
Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо шатахууны үнэ өссөнөөс зардал нь нэмэгдэж очиж байна. Баруун аймагт шатахуун АИ92, 95, дизель түлшний литр тутамд 164 хувь буюу 1,6 дахин нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийн суурь шалтгаан болж байна.
Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшиндээ хүрэхийг анхааруулж байна.
Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшинд 34,3 хувьд хүрч 210 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Иймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Иргэд УИХ-ыг шүүмжилж байна. Иргэдийн амьдрал, эдийн засаг хүнд байхад та нар юун баяр, наадам хэлэлцээд суугаад байгаа юм бэ гэж байна. УИХ-ын дарга ард иргэдийн гаргасан санал шүүмжлэлийг УИХ-д сонсгож танилцуулж байна. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьж байна. Эдгээр хуулиар иргэд 33 мянгаас дээш иргэн Dparliament сайтаар санал өгвөл ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн дэмжсэн бол Хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх, 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ болон бусад хуулийн төслийг санаачлан дэмжих зэрэг ажлыг хийнэ. Иргэдийн оролцоог хангасан ийм хуулийг санаачилж хэлэлцье гэсэн уриалга гаргаж байна.
Хоёрдугаарт, Эдийн засгийн байнгын хорооны Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг шатахууны үнийг бууруулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч болохоор байна. Татвар бууруулах, бусад чиглэлээр арга хэмжээ авах, гадаад , дотоодын яриа хэлэлцээг Засгийн газрын холбогдох яамтай хамтран хийх ажлын хэсгийг байгуулна.
Гадаад өрийн удирдлагын асуудлаар зөвлөгөөн хийсэн. Зөвлөмжийн дагуу өрийн эрсдлийг бууруулах, дахин санхүүжүүлэх бодлогын арга хэмжээг авна. Ажлын хэсэг байгуулна. Олон улсын хөнгөлөлттэй зээлийг авч, өндөр хүүтэй зээлээ солих зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зээл болохгүй мэт хандвал эрсдэлийг нэмнэ.
Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур бүлэгтээ хандах хэрэгтэй гэж олон улсын шинжээчид сануулсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэ мэтээр таван чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллана. Тиймээс УИХ амраад алга болохгүй" гэж хэллээ.