Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төлөөлөгчид, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчид өчигдөр авто замын зарим асуудлаар хуралдав.
Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд авто замын ажил ахицтай байсан. Гэвч төлөвлөгөөнөөс 14 хоногийн хоцрогдолтой байгаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудал үүсэж байна гэдгийг гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ” хэмээн хэллээ.
Зарим гүйцэтгэгч компанийн зүгээс түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл замын барилгын ажилд нөлөөлж байгааг тайлбарлалаа.
Харин Дарханы замын бүтээн байгуулалтын зөвлөх компанийн зүгээс "Аль нэг гүйцэтгэгч компани төлбөр удаашралтай байна гэсэн албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжилтийн гүйцэтгэлээ сар бүр танилцуулах ёстой ч зарим компани гурав, дөрвөн сард нэг өгдөг дутагдал бий. Ажлын зургийг зөвлөх компанийн зүгээс шалгаж, тухай бүрд баталгаажуулсан" болохыг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сар бүр бичиж, төлөвлөлтийн багаа хариуцлагатай сайн ажиллуулахыг анхаарууллаа.
Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа. Багцуудын ажлын гүйцэтгэл:
- Багц 1 – 96.6%
- Багц 2 – 41.3%
- Багц 3 – 98%
- Багц 4 – 27%
- Багц 5 – 99%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байгаа аж.