Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар иргэн М.Рысбек өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол хэлний хичээлийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д казах хүүхдүүд маш муу дүн авсан. Шалталтаар сүүл мушгисан энэ байдал анхны удаа биш, жил бүр ийм асуудал үүсдэг. Үүнд сурах бичгийн хангамж, хүрэлцээгүй байдал нөлөөлж байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ахлах ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 30-35 хувьтай байна. Ном, сурах бичгийн агуулга чанар муу зэрэг олон шалтгаан бий. Түүнчлэн монгол хэлний хичээл зааж байгаа багш нарын хэлний боловсрол маш тааруу байна.
Баян-Өлгий аймгийн боловсролын салбар авлигад идэгдсэн. Монгол хэлний багш мэргэжилтэй эсэх ямар сургууль төгссөн зэргээс үл хамаарч авлига өгсөн хүн ажилд ордог. Энэ систем нь хүүхдүүдийн боловсролд сөргөөр нөлөөлсөөр байгаа" хэмээн хэллээ.
Баян-Өлгий аймагт 43 сургууль байна. Сургуулийн багш нар долоо хоногт 5-7 цаг монгол хэлний хичээл заадаг. Харин казах хэл, уран зохиолын хичээлийг 1-2 цаг ордог. Гэвч сурах бичиг чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс ч хэлний хичээлд сүүл мушгих нь аргагүй.
Олон улсад хүүхдийг 1-5 настай үед нь онцгойлон анхаардаг. Энэ үед тэдний эрүүл мэнд, бие махбод эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Гэтэл бие махбод нь эрсдэлээс дөнгөж гараад сургуулийн босго давахад нь ачаалалд оруулдаг. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэх чадамж нь тэр хүүхдэд байхгүй. Үүнийг эсэргүүцэж байна.
Үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах, цаашид сургалтын системдээ хэрхэн анхаарах гэх мэтчилэн тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй. Ерөнхийд нь зөнгөөр нь орхисон гэж хэлж болно. Үүнд төр засгийн буруу байгаа. Монгол хэлийг сайн сурахгүй байгаа асуудал, ЭЕШ-ын үр дүнгийн бурууг ард түмэнд өгөхөөс илүү засаглалтай холбож хэлж болох юм.
Үндэсний цөөнхөд нэгдүгээр ангиас гадаад хэл заах нь хэл, соёл, ёс заншилд нь тодорхой хэмжээний эрсдэл учруулдаг. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй адил. Тиймээс шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан эсэх үндэслэлд нь тайлбар хийхийг БШУ-ны сайд Л.Энх-амгалангаас хүсэж байна.
Үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах тухай олон улсын хэд хэдэн тунхаг байдаг. Түүнчлэн Норвеги улсын туршлагаас харахад 1-14 нас хүртэл тухайн хүүхэд ямар хэлээр сурахыг эцэг эх нь шийдэж, 14-өөс дээш насанд өөрөө шийдвэр гаргах талаар хуульчилжээ" хэмээн ярилаа.