
Нүдний шил үйлдвэрлэгч EssilorLuxottica (ESLOF) компанийн ТУЗ-ийн дарга, Италийн хамгийн чинээлэг бизнесмэнүүдийн нэг Леонардо Дел Веккио 87 насандаа таалал төгссөн гэдгийг компанийн удирдлагаас албан ёсоор мэдэгдлээ.
"EssilorLuxottica өнөөдөр даргаа таалал төгссөнийг харамсалтайгаар зарлаж байна" гэж тус бүлгийн мэдэгдэлд дурьдаад Удирдах зөвлөл хуралдаж "дараагийн алхмуудыг тодорхойлох" болно гэжээ.
Дел Веккио хүүхэд наснаасаа асрамжийн газарт хүмүүжиж, дайны дараах Италийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан, алдартай бизнес түүхийн эзэн, хэдэн арван тэрбум еврогийн хөрөнгө хуримтлуулсан нэгэн.
"Леонардо Дел Веккио агуу Итали хүн байсан. Түүний асрамжийн газраас бизнесийн эзэнт гүрний манлайлалд хүртэлх түүх нь өөр үеийн түүх мэт санагдаж байна. Гэхдээ энэ бол өнөөдөр төдийгүй маргаашийн үлгэр жишээ юм. RIP" гэж Европын эдийн засгийн комиссар Паоло Жентилони твиттер хуудсандаа бичжээ.
Италийн бизнесмэн 1961 онд Luxottica-г үүсгэн байгуулж, Ray-Ban брэндийг эзэмшдэг компани байгуулж, 2018 онд Францын Essilor компанитай нэгджээ.
Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл EssilorLuxottica компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийн өдөр тутмын удирдлагыг Гүйцэтгэх захирал Франческо Миллерид шилжүүлсэн юм. Тэрээр Франц-Италийн нүдний шилний гигантыг удирдаж байв.
Дел Веккиогийн нөлөө өөрийн бизнесээс хэтэрч, 2021 оны сүүлээр тэрээр Форбес сэтгүүлийн мэдээлснээр Нутелла үйлдвэрлэгч Жованни Феррерогийн дараа Италийн хоёр дахь баян хүн болсон.
Түүний Delfin холдинг компани нь Италийн санхүүгийн үйлчилгээний Mediobanca группын хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Италийн хамгийн том даатгагч Generali-ийн 10 хувийг, Парис, Миланд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Covivio компанийн 7 орчим хувийг эзэмшдэг.
Милан хотын дарга Жузеппе Сала твиттер хуудсандаа "Дель Веккио нас барснаар Милан сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн бэлгэ тэмдэг болсон хүмүүсийн нэгээ алдлаа" гэжээ.
Уг мэдээллийн дараа Mediobanca-ийн хувьцаа 4 хувиар буурч, Generali-ийнх бараг 2.5 хувиар буурсан бол Делфин 32%-ийн хяналтын багцыг эзэмшдэг EssilorLuxottica хувьцааных нь үнэ 148 еврогийн үнэтэй хэвээр үлджээ.
Эх сурвалж: CNN News