Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлжээ.
Тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд шалгалтын явцад
- Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10,
- Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8,
- Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22,
- Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5,
- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5,
- Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13,
- Завхан аймгийн нутаг дэвсгэрт гурав гээд нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж Улаанбаатар хотод Нарантуул зах болон Урт цагаан худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь тогтоогдсон байна.
Иймд дээрх аймгууд болон ойролцоох орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч болж, цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 99093548 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Мөн иргэд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.