Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар тодруулга өгөв.
Тэрбээр "Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой байгаа. Бид хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах үе ирсэн. Олон улсын нөхцөл байдал, мөргөлдөөн зэрэг нь дэлхий нийтийн хүнсний хангамжид нөлөөлж эхэлж байна.
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэгч ОХУ, Украин Улс хооронд үүссэн нөхцөл байдлаас үүдэн манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалт хийж байна.
Энэ нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа.
Манай улс төдийгүй дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өссөн. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын асуудал ч хурцаар тавигдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хурлын чуулганд үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан.
Үүнийг Улсын Их Хурал яаралтай горимоор хэлэлцэн баталж, хүнсний хангамж, аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн салбарт 1,7 их наяд төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан.
Тогтоол долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд ирэх таван жилийн дотор Монгол Улс хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, бүх малаа эрүүлжүүлэх зорилт тавьсан.
Мөн Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох гээд цогц арга хэмжээ авна.
Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа
Эмээлт захад махтай холбоотой асуудал гарсан нь хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн илрэл.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг байнгын анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцох үүрэг, чиглэл өгсөн. Цаашид хяналтаа чангатгаж, алдаа дутагдал гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цагдаагийн байгууллагаас ч Ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж байгаа.
Төрийн тэргүүн сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үндэсний хэмжээний хэд хэдэн зөвлөгөөн, чуулган санаачлан зохион байгууллаа.
Мөн газар тариалангийн бүс нутаг, аймаг, сумд, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ч ажилласан” гэлээ.