Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн замд гарсан ослын улмаас 13 хүн амь насаа алдсан байна. Харин сүүлийн зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 195 хүн зам тээврийн ослоор амь хохирчээ. Мөн энэ тооны хүмүүс эрүүл саруул байдлаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болоод буй юм.
Бид замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн баримтлах ёстой дүрэм журмыг ягштал дагавал хэний ч амь нас, эрүүл мэнд хохирохгүй байх боломжтой талаар СХД-ийн замын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Д.Бат-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр, “Улсын их баяр наадмыг тохиолдуулан иргэд орон нутгийн замаар их зорчих болсон. ТЦА-наас “Аажуу явбал аяандаа хүрнэ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Орон нутгийн зам дээр гарч буй ослыг бууруулж, хүний амь насыг хамгаалахаар орон нутаг, сум, дүүрэг багуудаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ арга хэмжээ эхэлсэн ч жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж 13 хүний амь хохирсон. Ихэвчлэн хурд хэтрүүлдэг. Ядарсан болон согтуу үедээ машинаа жолооддог. Хамгаалах бүс хэрэглээгүйгээс болж байгаа юм. Замын хөдөлгөөний дүрмээ л мөрдөх юм бол нас баралтыг бууруулах, хүн эрсдэхгүйгээр наадах боломжтой юм. Жолооч нарт хандахад, орон нутгийн замын хөдөлгөөнд соёлтой оролцооч ээ. Аажуу яваад аяныхаа газарт хүрчихнэ шүү дээ. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаач ээ гэж уриалмаар байна” гэлээ.