Амьдралын хэрэгцээ хоолоор хязгаарлагдахгүй атал цалингаараа хүнсээ ч цуглуулахад хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Нэг цагийн ажлыг дунджаар 3500 төгрөгөөр үнэлж байна. Гэтэл зөвхөн нэг өдрийн ч биш нэг удаагийн хоол хийх ядмагхан хүнс бэлдэхэд 10 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна.
Бид хүнсний худалдааны төвөөс энэ мөнгөөр 400 грамм үхрийн мах, хоёр ширхэг төмс , нэг ширхэг сонгино авахад л 9200 төгрөг болов. Эдгээр хүнсний зүйлээр аятайхан хоол хийх ямар ч боломжгүйн дээр хоёр хүн л хооллоно. Бидний үйлчилсэн худалдааны төвд үхрийн мах кг нь 17 мянга. Нэг килограмм төмс 2500, байцай 5000, гурил 1600 төгрөг байв.
Дунджаар таван ам бүлтэй өрх өдөрт хоёр удаа хоол хийхээр тооцвол 30-40 мянган төгрөг зарцуулах нь. Ингээд сардаа дунджаар зөвхөн хоолондоо сая төгрөг зарцуулж байгаа юм. Жимс ногоог тансаг зэрэглэлийн хүнсэнд тооцох болсон, цалингаараа амь зуудаг иргэд хоолоо олж идэхийн төлөө л цаг наргүй ажиллаж амьдарч буй. Гэтэл хүний хэрэгцээ идэхээр зогсохгүй.
Худалдааны төвөөр цөөн тооны ахмад настнууд л үйлчилж, хүнсээ цуглуулж байна. Тэд үнийн өсөлтийн талаар үгээ барж байсан юм. Бид ахмадуудаас, хөргөгчинд нь ямар хүнсний бүтээгдэхүүн байгаа, сарын орлого нь хэрэгцээгээ хангаж чадаж байгаа эсэхийг тодрууллаа.
Ингэхэд:
- Манай хөргөгчинд сүү, мах, жаахан ногоо л байна. Би тэтгэвэрийн насны хүн хэцүү шүү дээ. Идэж уух зүйлдээ орлогоо арай чүү л хүргэнэ. Хүнсний бүтээгдэхүүнүүд маш үнэтэй байгаа. Үнэндээ иднэ гэсэн зүйлээ ч идэж чадахгүй байгаа. Гэтэл хүн ганцхан идэх гэж амьдрахгүй шүү дээ.
- Миний хувьд өчигдөр л хүнсээ цуглуулсан. 450 мянган төгрөг болж байгаа юм. Хүнсний ногоо 80 мянгад авсан. Зөвхөн өрхийн хэрэглээнд шүү дээ. 77 мянган төгрөгөнд мах авахад жижиглээд есөн өдрийн хоол болдог. Манайх мах бага иддэг тулдаа л ингэж хүргэж байгаа. Өнөөдрийн байдлаар цалингаараа амьдардаг хүмүүс амь зогоох гэж л явж байна.
- Би хоёр хүүхэдтэй тэтгэврийн хөгшин яаж хүрэх вэ дээ. Хүүхдүүд ажилтай тулдаа өлбөрөхгүйхэн явж байна.
- Би тэтгэврээрээ боорцог л авдаг юм. Мянган төгрөгөөр өссөн байна” гэх зэргээр бидэнтэй ярилцсан юм.
ИНЛЯЦИ 15 ХУВЬ ДАВЖ, ҮНЭ ХӨӨРӨГДСӨӨР…
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2022 оны тавдугаар сард инфляци 15 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин зургаадугаар сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.8 хувиар өссөн байна.
Инфляц 15.1% болоход,
- Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн 6.7% өссөн буюу инфляцад 0.7 нэгж хувь
- Бензин шатахууны үнэ жилийн 62% өсөж инфляцад 2.6 нэгж хувь
- Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 29.4%-ийг бүрдүүлж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2050 он гэхэд иргэдийн 80 хувийг дундаж давхаргад хүргэнэ гэж мэдэгдсэн. Цалингаараа зөвхөн идшээ хангадаг, бараг үүндээ хүрдэг ч үгүй орлоготой энэ байдал удаан үргэлжилбэл иргэдийн 80 хувь нь дундаж давхаргад хамаарах нь битгий хэл, одоогийнхоос улам дордоно гэж иргэд ярьж байлаа.