Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны www.edu-track.gov.mn систем ашиглалтад орлоо.
Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд уг системийг ажиллуулж эхэлсэн байна. Ингэснээр Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг бодит өгөгдөлд тулгуурлан сар бүр гаргах боломжтой боллоо.
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны системд өнөөдрийн байдлаар 2020 болон 2021 онд их, дээд сургууль төгссөн 58,343 төгсөгчийн мэдээлэл орсон байна. Эдгээр төгсөгчдөөс 20 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол үлдсэн 68.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2021 онд төгссөн 17,640 төгсөгчдөөс 9.6 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.
Их, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажлын байранд тулгарч буй бэрхшээл, ажилгүй байгаа шалтгаан, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн хамаарал гэхчлэн олон бодит тоонд тулгуурлан дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байгаагаараа энэ систем онцлогтой аж.
Тодруулбал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд үндсэн систем буюу Хур системд холбогдон төрийн бусад байгууллагуудын мэдээллийн санд суурилан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг судална.
Өнөөдрийн байдлаар нийгмийн халамж болон нийгмийн даатгалын мэдээллийн сан, ажил хайгч иргэдийн мэдээллийн сан, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдээллийн сантай холбогдоод байна.
Мэдээллийг сар бүр тогтсон хугацаанд шинэчлэх боломжтой. Нэмэлт судалгааг цахим хэлбэрээр зохион байгуулах боломж бүрджээ.
БШУ-ы сайд салбар хоорондын уялдаа холбоог хангах томоохон систем ашиглалтад орж буйг онцлов.